sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Засгийн газрын тэтгэлэг 250 ам.долларыг Хот, хөдөөгийн их дээд сургуулиудын төлөөлөл нийт 55 оюутанд гардууллаа.
 
Тайванийн төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн үгэндээ, Энэхүү тэтгэлэг нь Монголын залуу үед тусламж үзүүлснээр Тайвань, Монголын гүнзгий найрамдалт харилцааг бататгаж буйг онцлоод, тэтгэлэг хүртсэн оюутан залууст сурлагын өндөр амжилт хүссэн юм. Мөн тэрбээр оюутан залууст сургуулиа төгссөний дараа Тайваньд суралцах боломжийн талаар төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад жилд 400 гаруй оюутанд магистр, докторын зэргийн сургалтад олгодог тэтгэлгийн талаарх мэдээллийг өгөв.
БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Х.Батсайхан хэлэхдээ, “Монгол Улсын БСШУСЯ болон Тайванийн Засгийн газар хамтран энэхүү тэтгэлгийг олгож эхлээд 15 жил болжээ. Энэ удаагийн тэтгэлгийг орон нутгийн их дээд сургуулиудын оюутан сурагчдын төлөөлөл буюу Ховд, Завхан  аймгаас хүрэлцэн ирж гардаж авч байгаад талархал илэрхийлээд оюутан залууст цаашид сайн суралцаж, сургуулиа төгсөхийг хүслээ.
Тэтгэлэг гардсан оюутнууд цаашид улам хичээнгүйлэн суралцаж нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулах, тэтгэлгээ сургалтын төлбөртөө ашиглаж эцэг эхийнхээ ачааллаас хөнгөлөх, судалгааны ажилдаа зориулна гэдгээ илэрхийлж байв.
 
Тайванийн Засгийн газрын тэтгэлгийг 2003 оноос олгож эхэлсэн бөгөөд жилд хоёр удаа БСШУСЯ, МУИС, СУИС-ийн туслалцаатай шалгарсан шилдэг оюутнуудад гардуулдаг. Жилд нийт 110 оюутанд гардуулан, нэг удаад 250 ам.долларын тэтгэлэг олгодог байна. Өнөөдрийг хүртэл 30 удаагийн тэтгэлгийг нийт 1500 гаруй Монгол оюутан залуус хүртжээ.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг