sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг.  Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг ирэх оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэр гаргав.
 
Гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон юм. Энэ дагуу  Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  хэлтсийг байгуулжээ.
 
Нийслэлийн сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийн нарийвчилсан судалгаа хийж, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран тэдний оролцоог нэмэгдүүүлж “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.
 
Улсын хэмжээнд ирэх онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургуулийг барьж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөлийг барьж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох юм.
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ"