sonin.mn
ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн ротынхон өчигдөр эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, дараагийн ээлжийн цэргийн багаа дадлагажуулж үлдээчихээд эх орондоо газардсан нь энэ. 
 
Дэд хурандаа Х.Золжаргал захирагчтай энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд тэргүүтэй албаныхан, АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер тэргүүтэй Элчин сайдын яамныхан угтан авч баяр хүргэсэн.
Хурандаа Ж.Молорболд “Хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн та бүхэндээ халуун баяр хүргэе. Энэ удаагийн үүрэг гүйцэтгэлээр дадлага туршлагыг өөртөө эрдэм болгон авч чадсан гэдэгт итгэлтэй байна. Үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн та бүхнийг төрийн болон салбарын одон медалиар удахгүй шагнах болно. Бид шагналын бэлтгэлээ хангаад дуусч байна” гэсэн бол АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер “Эрхэм дайчид та бүхэндээ баяр хүргэе. Монголын цэргийн алба хаагчдын ур чадварт үргэлж итгэдэг. Итгэхээс аргагүй чадвартай шилдэг цэргүүд байдаг юм. Та бүхнийг газардахыг хүлээж 20 минут гадаа зогслоо. Энэ үед багагүй жиндлээ. Гэхдээ энэ бол та бүхний хажууд юу ч биш гэдгийг ойлгож байна. Тийм л учраас та бүхнийг хүндэтгэн хайрлаж байна. Үүргээ амжилттай биелүүлсэн та бүхэн эх орондоо тавтай морил” гэсэн юм.
 
Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Х.Золжаргалаас сэтгэгдлийг нь хуваалцахад “Манай рот үүрэгт хугацаандаа эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай гүйцэтгээд ирлээ. Ажиллагааны газар оронд цагийн байдал ширүүн байна. Өвөл хүйтрээд дайралт эрс багасдаг байсан бол одоо өвлийн тактик гэсэн бас шинэ зүйл гарч ирсэн байна. Өвөл ч гэсэн халдлага дайралтын тоо буурахгүй байна. Гэхдээ манай ротын бүрэлдэхүүн өмнөх цэргийн багуудын амжилтыг буухиалж ажилласандаа баяртай байна. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа хойт баазын зүгээс зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилттай оролцож, өөрийн орны соёл заншилыг олон орны цэргүүдэд сурталчиллаа. Манай баг үүрэг гүйцэтгэж байхад хойд бүсийн командлагч нар солигдож таарсан. Энэ үед 21 орны цэргийн алба хаагчдаас зөвхөн Монголын цэргийн баг хойд бүсийн командлалын тугийг залсан. Энэ бол хүндтэй даалгавар болоод нэр төрийн хэрэг байлаа. Мөн ХБНГУ-ын Хуурай замын цэргийн командлагч манай багт зочилж “Монгол цэргүүдийг гайхамшигтай чадвартай талаар олон удаа сонсч байсан.Та нартай уулзахыг хүсч байлаа” гээд баяр хүргэсэн. Манай багийнхан ажиллагааны газар оронд нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн байлаа” гэсэн юм.
 
 
Эх сурвалж: “Соёмбо” сонин