sonin.mn
Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том “дайсан" бол утаа. Хүйтний улирал ирмэгц заналхийлдэг эл аюулыг нийслэлийн удирдлагууд битгий хэл төр засгийн томчууд ч бүрэн “дарж" чадахгүй байна. Уг нь нийслэлийн нийт гэр хорооллын яндангийн асуудлыг бүрэн шийдэж чадвал агаарын бохирдол 60 хувиар буурна гэсэн судалгааны дүн гарсан.
Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Гэр хорооллын өрхөд цахилгаан Эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг ч баталсан. Харин иргэний үүргээ ухамсарлаж, дулаан хангамжаа “утаагүй” аргаар шийдсэн зарим өрх эрчим хүчний төлбөрт сөхрөх боллоо.
Жишээ дурдахад, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд амьдардаг иргэн Б сарын өмнө гэртээ цахилгаан халаагуур тавиулжээ. Худалдагч түүнд цахилгаан халаагуураа борлуулахдаа 24 цаг тасралтгүй залгахад сард цахилгааны төлбөрт нь 90 мянган төгрөг нэмэгдэнэ гэж хэлжээ.
Хэрвээ халаалтын асуудлаа сардаа энэ үнээр шийдвэл Б-д нүүрс хэрэглэснээс хямд тусах учир худалдаж авчээ. Гэтэл сардаа ойролцоогоор 30 мянга гардаг Б-ийн өрхийн цахилгааны төлбөр энэ сард 200 гаруй мянган төгрөг гарсан байна. Үүнээс Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу 40 мянган төгрөгийг нь тэглэжээ.
Б цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн сургаар халаагуурынхаа цагийн тохиргоог нь 21:00 цагт асааж, 05:59 цагт унтраахаар тохируулжээ. Мөн цахилгааны мөнгөө хэмнэх зорилгоор өдөртөө нүүрсээр галладаг байж. Урьд нь тэднийх өдөр, шөнөдөө нүүрсээр галлаад 100 мянган төгрөгт багтааж, дулааны асуудлаа бүрэн шийддэг байж.
Тиймээс өрхийн дулаанаа хуучин аргаараа хангахаар болжээ. Мөн агаарын бохирдлыг багахан хувиар буулгах гэж хүчин зүтгэхдээ халаагуур худалдаж авсан, цахилгааны өндөр зардал гаргаснаас болж багагүй мөнгө зарлагаджээ. Энэ мэт олон тооны өрх айл, иргэд цахилгаан халаагуур болоод гэр хорооллын цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд ам муутай байна.
 
М.МӨНХ-ЭРДЭНЭ: ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ “ТЭГЛЭСЭН” БУС ТОДОРХОЙ ХЯЗГААРТАЙГААР 100 БА 50 ХУВИАР ХӨНГӨЛСӨН
 
Бид дээрх асуудлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн ахлах инженер М.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.
 
-Цахилгааны шөнийн тарифтай холбоотой гомдол гэр хорооллын иргэдээс гарч байна. Шөнийн тарифын хөнгөлөлтийн журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
 
-Монгол Улсын Засгийн газраас “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан. Тус журмын хоёрдугаар зүйлийн 2.3-д “Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно” гэж заасан байдаг.
Үүний дагуу ЭХЗХ-оос 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 203 дугаар тогтоолоор “Нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид 700 кВт.ц, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид 1500 кВт.ц байна. Энэ хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлнө” гэж тогтоосон.
Мөн 100 хувийн хөнгөлөлтөд хүчдэлийн түвшнээс хамааралтай 700 кВт.ц, 1500 кВт.ц хүртэлх хэрэглээний үндсэн тарифаас гадна сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хамт хамруулахаар ЭХЗХ-оос шийдвэрлэснийг УБЦТС ТӨХК бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
-Хөнгөлөлтөд ямар бүс, нийт хэчнээн өрх айл хамаарч байгаа вэ?
 
-УБЦТС ТӨХК нь нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 суманд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тиймээс нийслэлийн хэмжээний гэр хорооллын айл өрхүүдэд хөнгөлөлт тооцох ажлыг хариуцаж байна. Манай компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэр хорооллын өдөр, шөнийн тарифт тоолууртай 137,176 хэрэглэгчид шөнийн тарифын хөнгөлөлтийг тооцсон.
 
-Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахын тулд тухайн өрх тусгай тоолуур байрлуулах шаардлагатай юу. Ямар шаардлага тавигдах вэ?
 
-Хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын айл өрхүүд нь баталгаажсан тарифт электрон тоолууртай байхаас гадна цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
 
-50 ба 100 хувийн хөнгөлөлтийг айл өрхөд хэрхэн тооцож байгаа вэ?
 
-Жишээ болгож цахилгааны шөнийн хэрэглээний дээд хязгаар 700кВт.ц байх хэрэглэгчийг сонгож тайлбарлая. Хэрэглэгч өдөртөө 120 кВт.ц, шөнөдөө 852 кВт.ц хэрэглэсэн гэж үзье. Өдрийн хэрэглээг тооцох нэг кВт.ц-ийн төлбөр 116.18 төгрөг (цахилгааны тариф 104.30 төгрөг болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф 11.88 төгрөг хоёрын нийлбэр), 120 кВт.ц* 116.18 төг* 1.1/НӨАТ 10%/ = 15336 төгрөг болно.
Шөнийн хэрэглээг тооцох 1 кВт.ц-ийн төлбөр 88.98 төгрөг (цахилгааны тариф 77.10 төгрөг болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф 11.88 төгрөг хоёрын нийлбэр). Хэрэглэгч шөнөдөө 852 кВт.ц хэрэглэсэн тул тооцоог хоёр хуваана. 700 кВт.ц * 88.98 төг * 1.1(НӨАТ) = 68515 төгрөг. Энэ мөнгөн дүнг 100% хөнгөлнө. 152 кВт.ц * 77.10 төг * 1.1 (НӨАТ) = 12891 төгрөг. Энэ мөнгөн дүнгийн 50% буюу 6446 төгрөгийг хөнгөлнө. 152 кВт.ц * 11.88 тег * 1.1(НӨАТ) = 1986 төгрөг.
Хэрэглэгчийн нийт төлбөр 98,728 төгрөг, үүнээс 74,961 төгрөгийг Засгийн газраас хөнгөлж 23,767 төгрөгийг хэрэглэгч төлнө. Энэ төлбөр дээр цахилгааны суурь төлбөр, хог, телевизийн хураамж нэмэгдэнэ.
 
-Цахилгаан халаагуур хэрэглэсэн өрхүүд, нүүрс төлснөөс илүү зардал гарч байгаад гомдолтой байна. Тухайн өрхүүдэд шөнийн тариф үйлчлэхгүй байна уу эсвэл гэрийн дулаан алдалт болон халаагуурын чанараас болсон уу?
 
-Нэг талаас халаагуур борлуулагчид бүтээгдэхүүнээ борлуулахын тулд иргэдэд цахилгаан бага зарцуулдаг гэх зэргээр өрөөсгөл мэдээлэл өгдөг. Айл өрхүүд халаах хүчин чадлаа буруу тооцоолсон, гэр, сууц нь дулааны алдагдал ихтэй байгаагаас халаагуурын ажиллах хугацаа уртсаж байна.
Нөгөө талаас иргэд хөнгөлөлт олгох журам, тогтоолтой танилцаагүй, ойлголтгүй байгаагаас төлбөрөө буруу тооцож таамагласан гэх мэт шалтгаантай болов уу. Засгийн газраас цахилгааны шөнийн тарифыг “тэглэсэн” бус тодорхой хязгаартайгаар 100 ба 50 хувиар хөнгөлсөн гэж ойлгох хэрэгтэй.
 
-Хөнгөлөлттэй тариф мөрдөгдөж эхлэх үед цахилгааны өр төлбөртэй байсан айлууд уг хөнгөлөлтөд хамрагдсан уу?
 
-Засгийн газраас өнгөрсөн онд баталсан “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам“-ын гуравдугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.” гэж заасан. Гэхдээ УБЦТС ТӨХК хөнгөлөлтөд гэр хорооллын хоёр тарифт тоолууртай бүх хэрэглэгчийг хамруулсан. Өртэй хэрэглэгчид ч хамрагдсан гэсэн үг. Зарим хэрэглэгч маань иргэний болон гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж байгаагаас өр авлага үүсэх асуудал тасрахгүй, байсаар л байна.
 
-Санхүүгийн хувьд цахилгаан халаагуур нүүрс түлснээс илүү зөв шийдэл мөн үү?
 
-Хэрэглэгчийн гэр, сууцны дулааны алдагдал, сонгосон халаагуур гэх мэт олон нөхцөл шалтгаанаас хамаарах асуудал тул тухайн өрхийн санхүүгийн хувьд зөв шийдэл мөн эсэхийг хэлэх боломжгүй юм.
 
-Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж буй гэр хорооллын өрхийн шөнийн цагаар ашигласан хэрэглээний төлбөрийг ямар нэг хэмжээ хязгаар заахгүйгээр нэг мөр хөнгөлөх боломж бий юу, ингэсэн тохиолдолд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй вэ?
 
-Засгийн газраас цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааран айл өрхийн хэрэглээний хязгаарыг тогтоохоор журамд заасан гэдгийг өмнө нь дурдсан. Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Мөн шаардлагатай судалгаа тооцоонуудыг холбогдох байгууллагуудад гарган өгч хамтран ажиллаж байна. Үр дүнд нь дээд хязгаарыг нэмэх боломж бий болох байх гэж найдаж байна.
 
 
Т.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: "Өглөөний сонин"