sonin.mn
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарын тухай “Чингис хаанаас Ковент Гарден хүртэл” нэртэй радио нэвтрүүлэг бэлтгэхээр Монголд зочилсон ВВС радиогийн баг уртын дуу, хөөмэй, түүх, соёл, унаган байгалийн тухай цувралаа дамжуулж эхэлжээ.
Эдгээр цувралыг “Guardian” сонин, ВВС радиогийн хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллисон, ВВС радиогийн продюсер Стивен Ражам нар бэлтгэсэн билээ. Монголын дуурийн урлаг, дуу хөгжим, соёл, өв уламжлалын талаар танилцуулсан нэвтрүүлгийг ВВС радиогийн IV сувгаар дамжуулсан бөгөөд 14 сая сонсогчдод хүрчээ. Баримтат нэвтрүүлгийг бэлтгэсэн продюсер Стивен Ражам “Монголчууд дуу хөгжмийн баялаг түүхтэй ард түмэн юм. Тэднийг хөглөдөг байгаль, түүх соёлтой танилцах боломж олдсоныг бид нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна.
Г.Ариунбаатар дуурийн дуучны хосгүй хоолой биднийг монгол оронд хөтлөн авчирсан билээ.
 
 
Гэтэл бид Монгол Улсад ирээд В.Батзоригийн хөөмэйлэхийг, “Магнолиан” хамтлагийнхны дуулахыг, “Дунд гол” пянзны дэлгүүрийг үүсгэн байгуулагч эртний сайхан альбомуудын цуглуулгаа бидэнд дэлгэн үзүүлэхийг, доктор Ц.Төрбатын ярьсан Монголын эрт эдүгээгийн түүх зэрэг сайхан зүйлсийг үзэж, сонслоо. Радиогийн продюсерын хувьд, ийм гайхамшигтай, бас олон төрлийн дуу хуур, соёлын өвтэй оронд ирсэндээ туйлын олзуурхаж билээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Харин Ховд аймагт зочилж, Монголын язгуур урлагийн төлөөлөгчидтэй уулзсан сэтгүүлч Кэйт Моллисон “Дэлхийн дуучин 2017” уралдаанд оролцохдоо бидний сэтгэлийг татсан Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийхээр бид Монгол Улсыг зорьсон юм. Дуучны туулсан амьдрал сонирхол татсан тул бид тодруулан судлахаар Монголд очсон. Энд дашрамд хөгжмийн ертөнцөд өрнөж буй сонин сайхан, монголчуудын хувьд хөгжмийг хэрхэн хүлээж авдаг, Монгол Улсын түүхийн талаар сонсогчдодоо ойлголт өгөхийг хичээсэн юм. Барууны ертөнцөд монголчуудын талаар тэс өөр ойлголттойг бид нэвтрүүлэг бэлтгэх үеэр мэдэрсэн. Монгол хүний онцлог, үндэстний шинж чанарын тухай асуудлын талаар бидэнтэй ярилцсан хүмүүс санал бодлоо нээлттэй хуваалцаж байгаа нь надад гайхалтай мэдрэмжийг төрүүлсэн. Хүн бүр өөрийн санааг ухаалгаар, тодорхой илэрхийлж байлаа. Монгол оронд өнгөрүүлсэн долоо хоногийн хугацаанд санаанд оромгүй зүйлс, олон сайхан дурсамжтай учирсан. Монголчууд үндэсний дуу, хөгжмөө нийтээрээ хайрладаг ард түмэн. Дуу, хөгжмийг ингэж дээдэлдэг улс оронд би хайртай” хэмээжээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин