sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төсөлд бүртгэлийн байгууллагыг бүрэн цахимжуулах асуудлыг тусгасан болохыг танилцуулгадаа дурдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан, "Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаа хэр жигдэрч байна вэ" гэсэн асуултыг тавьсан. Үүнд нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга P.Содхүү, “Засгийн газраас дэвшүүлсэн "Нэг иргэн-Нэг бүртгэл” зорилтын хүрээнд бүртгэлийн байгууллагыг цахимжуулах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр түргэн шуурхай хангахаар ажиллаж байна. Хуулийн гол агуулга бол бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаа цахимжуулах явдал юм. Бэлтгэл ажилд нэг жил 4 сар зарцуулсан. Сая бид АНУ яваад ирлээ. Тэнд 6 долоо хоногийн дараа гадаад паспорт олгодог юм байна. Манай газрын хувьд гадаад паспортыг 7 хоногийн хугацаанд, яаралтай бол 3 хоногт багтаан гаргаж байна. Иймд манай байгууллага шуурхай байдлыг хангаж ажиллаж байгаа гэж хэлж болно" гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Агентлагийн тоог цөөрүүлэх үүднээс хүчээр Оюуны өмчийн газрыг улсын бүртгэлтэй нийлүүлсэн. Энэ хоёр байгууллага нь өөр өөр статустай. Хоёр өөр байгууллагыг нийлүүлснээр үүсч буй асуудал юу байна. Уг нь эдгээр байгууллагыг аль болох эрт тус тусад нь ажиллуулах хэрэгтэй. Японы нэг хот хакердуулснаар бүртгэл устсан байсан. Уг нь хөгжилтэй орнууд цаасан бүртгэл рүүгээ эргэж шилжиж байгаа юм билээ шүү” гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Оюуны өмчийн газрыг бүртгэлийн байгууллагатай нийлүүлсэн нь буруу. Би хавраас энэ хоёр байгууллагыг салгаж, Оюуны өмчийн газрын бие даасан статусыг сэргээхээр УИХ-д оруулж ирнэ. Цахим орчин найдвартай биш, устах магадлал өндөр. Тиймээс цаасан бүртгэл хэвээр цааш үргэлжилнэ" гэлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг