sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Нэгэнт цахим бүртгэлд шилжиж байгаа юм бол чиптэй паспорттай болмоор байна. Мөн иргэд паспортаа гээж үрэгдүүлэх явдал цөөнгүй байдаг. Хэвлүүлээд авахаар хуучин нь олддог. Тэгэхээр хоёр паспорттой болдог. Энэ тохиолдолд хуучныг нь устгадаг байх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна. Мөн иргэн шилжсэн тохиолдолд иргэний үнэмлэхийг дагуулж цагаан хуудас өгдөг. Үүнийг нь гээх үрэгдэх магадлал өндөр. Үүнд анхаараарай” гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, "2018 оны тухайд паспортны хэвлэлт хуучнаараа үргэлжилнэ. Өмнө нь улаан паспорт сунгадаг байсан. Тэрхүү сонголтыг болиод 5 жилийн хугацаатай паспорт олгож байгаа. Үүнээс болоод 100 айлын тэнд “хар зах” шиг байдал нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой үүрэг даалгаврыг холбогдох дарга нарт өгөөд байна. Манай дарга нар судалгаагүй шийдвэр гаргадгийн жишээ энэ юм" хэмээв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, "Чиптэй паспорттай болох асуудлыг долоон жилийн өмнө ярьж бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг шийдэх бүрэн бололцоотой. ГХЯ албан паспортаа цахим болгосон. Өнөөдөр гадаад улс руу энгийн иргэд зорчиход хүндрэлтэй болж эхэлж байна. Нөгөөтэйгүүр цахим үнэмлэх, гадаад паспортыг үйлдвэрлэдэг дэлхийл тэргүүлэх хэд хэдэн компани бий. Тэд бэлдэцээ ч, чипээ ч хийдэг. Гэтэл манайхаас шалгаруулсан сонгон шалгаруулалт дээр гарч ирсэн компани нь зөвхөн бэлдэц хийдэг компани байна лээ шүү. Иймд энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй. Одоо богино хугацаанд бүх иргэдээ чиптэй паспорттой болгохгүй бол гадаадад зорчих эрх нь хөндөгдөж магадгүй. Тэгээд ч иргэн хүн төрийн байгууллагууд руу гүйдэг биш, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ гүйлгэж иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг болох нь зүйтэй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Олон улсын түвшинд сунгасан паспортоор зорчдоггүй болчихоод байна. Үүнийг нь УИХ, Засгийн газраас сайн ойлгуулж байхгүй бол гэнэт шийдвэр гаргасан юм шиг иргэдэд ойлгогдоод байгаа шүү. Үүний зэрэгцээ цахим паспорт дээр тавьж буй шаардлага ч мөн өөр болж байна. 2022 оноос хойш цахим паспортоор нисч бай гэсэн шаардлагыг олон улсад тавьж байгаа. Одоо бидэнд 4 жил үлдээд байна. Иймд эртнээс бэлтгэл ажлаа эртнээс эхлүүлэх хэрэгтэй" гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуули асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураали явуулахад олонх дэмжлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг