sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны санаачилгаар Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, “МИАТ” ХК хамтран  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгоё” сэдэвт нөлөөллийн сургалтыг өнөөдөр /2018.01.24/ зохион байгууллаа. Энэхүү сургалтыг нээж, СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг үг хэллээ.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөлөөлөл, оролцоог дэмжих зорилготой энэхүү сургалтад СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын үйлчилгээний ерөнхий менежер Л.Отгонжаргал, “МИАТ” ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх, жүжигчин Б.Ундармаа, ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Болороо, “Түгээмэл хөгжил” ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяр, “Монголын сонсголгүй иргэд”-ийн холбооны тэргүүн А.Энхбаатар, “Монголын хараагүйчүүдийн үндэсний” холбооны Нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн зохицуулагч Чиба Хисао болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
 
 
Гадаад, дотоодын иргэдэд манай улсын нэрийн хуудас болж хамгийн түрүүнд угтан авч, харилцдаг үйлчилгээний ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцаж, үйлчлэх талаар явуулсан сургалт үр дүнтэй боллоо. Учир нь үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд хамтдаа нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэн, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Сургалтын үеэр СЗСҮТ-өөс “Чингис Хаан” нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд зориулж,  таван ширхэг тэргэнцэр гардуулан өглөө.