sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Оюу толгой” компани өнгөрөгч онд 180 сая ам.долларыг татварт, 335.9 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулснаа мэдэгдсэн. Тэгвэл тус компани 66 хувь дээрээ ногдол ашиг хуваарилж эхэлсэн гэх мэдээлэл тархаад байгаа юм.
Үүнд  УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар “Ил тод-Уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр хариулахдаа, “Монголын тал 34 хувь дээр ногдол ашиг авахын тулд  хүүгийн зардлыг бууруулах талаар бодлогын түвшинд ойлголцолд хүрэхээс гадна өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа”гэв.
 
 
Харин Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монгол Улсад өнгөрсөн нэгдүгээр сард ажиллах үеэр “Монголчууд хэдийд ногдол ашиг хүртэх вэ” гэсэн асуултад ийнхүү гэсэн асуултад хариулахдаа, “Ямар ч бизнесийн байгууллага хувь нийлүүлэгчид ногдол ашиг тараахын тулд ашигтай ажиллаж эхлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулаад байна.Үүнээс гадна гүний уурхайд 5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулсан. Хувь нийлүүлэгчдийн сонирхол ижил. “Оюутолгой” аль болох богино хугацаанд ашигтай ажиллаж хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг тараах ёстой. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголт хийсэн. Тиймээ хэдэн онд ногдол ашиг хуваарилж өгнө гэж хэлэх боломжгүй. Энэ нь зах зээлийн хүчин зүйлсээс их хамаарна” гэсэн юм.
Мөн Монголын ТЕГ-аас “Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавиад байгаа. Үүнд салбарын сайд, “Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Оюутолгой компанийн үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд өндөр гарч, төлөвлөгөөгөө биелүүлсэн. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа учир Оюутолгой компанин татвараа төлөх л ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
 
 
Харин Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак татварын актын тухайд, “Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад гардаг асуудал. Бид АНУ, Канад, Австрали гээд олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр  орнуудад ч гэсэн татварын маргаан үүсдэг.  Монголын ТЕГ-ын актыг  хүлээж авсан. Тиймээс “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд Монголын Засгийн газар болон Татварын байгууллагатай ойлголтоо нэгтгэх  уулзалт зохион байгуулна” гэсэн хариултыг өгч байсан юм.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг