sonin.mn
Хүн өндөр намхан хүзүүтэй хүзүүгүй нь хамаагүй хүн болгон л сайнтай муутай байдгийн адил Санжийн Баярт чиг сайтар ухаад үзвэл сайн юм байж л таараа. Дал наяад оны ид хүйтэн дайны оргил үед маршал Устинов сайд манайд айлчилж арми өргөтгөн зохион байгуулалтанд орж цэргийн боловсон хүчнээ Оросод түлхүү бэлтгэж байсан тэр үед манай Улиастайн цэргийн каратин дээр Жанжин штабаас шавилхан дэслэгч ирж шалгалт шүүлэг авч бидний гурав дөрвөн зуун хүний овог нэрийг цээжээр дуржигнатал дуудаж байсан нөхөр бол одоогийн энэ муу хэлүүлээд байгаа Санжийн Баяр байгаа юм.
Тэр үед Москвад МГУ-г улаан дипломтой онц төгсч ирсэн гавлуудыг бодлогоор Төв хороо Засгийн газар Жанжин штабт томилж шүүсийг нь шахдаг байсны нэг нь Баяр байж /зураг дээр С.Баяр дэслэгч цолтой/.
Баярын аав ээж бага байхад нь л баруун зүүн тийшээ номын мөр хөөгөөд гадаад дотоод яваад алга болох тул Оросын цагаан хааны Эрхүүгийн гимнази төгссөн эрдэм боловсрол өндөртэй эмээ дээрээ голдуу өсч эмээтэйгээ уралдаж орос ном уншсаар байгаад арван хэдхэн настайдаа л хасах дөрвийн линз зүүдэг номын нөхөр байсан юм шиг санагдах ч яг гадаа гараад зодолдохоороо Бат-Үүл мэтийн  дөчин мянгатын атамануудын нармайг нь нээгээд өгдөг байсныг бодоход тийм ч ноомой биш харин багаасаа зоригтой бас шийртэй нэгэн байсан гэж хэлж болно.
Дэлхийд дээгүүрт ордог Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуул/МГУ/-ийг эрх зүйч мэргэжлээр төгсч ирээд хотын захиргаа, Жанжин штаб, МОНЦАМЭ, Новости Монголии, Монгол пресс, Радио телевизийн улсын хороо, Улсын бага хурлын гишүүн, Байнгын хороон дарга, БХЯ-ны Стратегийн хүрээлэнд захирал, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Намын генсек, дарга, Ерөнхий сайд, Орос Англид Элчин сайд гээд дээр доргүй зогсоо зайгүй хариуцлагатай алба хашиж байснаас харахад мэдлэг боловсрол туршлага гэж мундаг байнаа.
Тэрээр гараанаас хурдны морь тавих хамгийн сайхан үеийг монголчуудад санагдуулдаг Морьд эргэлээ хэмээх хоёрхон үгээр 2005 оны наадмын өмнөхөн ард түмний олонхийн саналыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ зүгт эргүүлж ялалтанд хүргэж чаддаг чадалтай мэдрэмж сайтай сайн менежер.  
2008 оны сонгуулийн үр дүнд С.Баяр дангаараа засгаа бүрдүүлэх боломжтой байсан ч томоохон төслүүдээ хөдөлгөх зорилгоор Ардчилсан Намтай хамтран засгийн газраа байгуулсан нь нэг талаас үндэсний эв нэгдлийг хангах эхлэл тавьсан  удирдагч нөгөө талаас өрсөлдөгчдийнхөө гараар зургаан жил гацсан Оюу толгой зэрэг том төслийн чулууг хөдөлгөсөн агуу стратегич.
Энд Оюутолгойн гэрээний зөв бурууг ярих гэсэнгүй, харин удирдагч хүн стратегийн зорилгодоо хүрэхийн тулд дайснаа хүртэл ухаалгаар ашиглаад хаядаг агуу тактикийг хэлж байгаа юм.  
Мөн Атрын гуравдугаар аяныг  эхлүүлснээр сүүлийн 20 жилийн хамгийн өндөр ургацыг 2009 онд хураан авч гурил будаагаа дотооддоо бүрэн хангадаг болсон төдийгүй иргэдийн хадгаламжинд засгийн газраас баталгаа гаргасан оновчтой шийдвэр нь өнөөг хүртэл банк санхүүг тогтвортой байлгах үндсэн нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Жар шүргэж байхдаа хэнз үрийн зулай үнэрлэсэн гэхийг сонсоод хэнд ч гэсэн атаархал төрөхөөр чалх сайтай эр, өнөр өтгөн олон ам бүл тэжээж байгаа өрхийн сайн тэргүүн гэхээс өөр юу хэлэхэв.
Авираа, Долгион гээд багын найзуудаа байнга дуртайяа дурсан ярихыг бодоход андын журмыг асар эрхэмлэдэг,  хүн чанараар ёогүй эр бололтой ч дургүйгээ хүрвэл Элчин сайдын местийг ч Ерөнхий сайдын суудлыг ч за гээд өргөдлөө өөрөө өгөөд өгч чаддаг албан тушаалд тэгтлээ шунаад байдаггүй эрийн хугархай энэ хүний толгойг уг нь ард түмэн Авхиа Цэдэнбал нар шиг ахиад хэдэн жил ашиглах нь зүйтэй л байгаа юм даа /зураг дээр/.  
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт