sonin.mn
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн  мэдээлэл үндэсгүй болохыг мэдэгдлээ.
“Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгон хангана гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл эрчим хүчээ аваагүй байна. Энэ нь 2014 оны наймдугаар сард “Оюутолгой” ХХК ба Засгийн газар хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасны дагуу Оюутолгой төслийн нийт эрчим хүчний хэрэгцээг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангах үүргийг түдгэлзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар батлагдсан гэрээ. Энэ гэрээний аливаа заалтыг өөрчлөхдөө УИХ-д танилцуулах учиртай. Гэтэл “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дугаар заалтыг түдгэлзүүлсэн, хууль зөрчсөн учраас энэ Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж хүчингүй болгосон” гэж тэрээр хэллээ.
Энэ гэрээ цуцлагдсанаар тоолуур эргэж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгох авах үүрэгтэй болсон. Гэрээнд,
-Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц
-Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц,
-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ заасан гэж Эрчим хүчний сайд тайлбарлалаа.
Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Энэ оны долдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай ярилцаж байна гэж Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэг хэллээ.
Тавантолгойн цахилгаан станц 2021 онд ашиглалтад орно гэж үзэхэд жилдээ 2,3 тэрбум кВТ.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 450.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 45 тэрбум төгрөгийн татвар төлнө. Станц ашиглалтад орсноор 400 гаруй ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.