sonin.mn
Монголын хөрөнгийн биржийн 2018 оны анхны IРО болох “ЛэндМН” компанийн хувьцааны захиалга өнөөдрөөс эхэллээ. ЛэндМН-ын хувьцааны захиалгыг нээж “Цан цохих ёслолын ажиллагаа” Монголын хөрөнгийн бирж байранд боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржийн албаны хүмүүс болон "ЛэндМН" компанийн удирдлагууд оролцсон бөгөөд үйл ажиллагааг эхлүүлж "ЛэндМН" Хувьцаат Компанийн ТУЗ дарга X. Бат-Очир нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “ЛэндМН хувьцаагаа гаргахдаа салбарын хэмжээнд сайн жишиг тогтооход анхаарч байгаа” гэж онцоллоо.
"ЛэндМН" хувьцааны захиалга нь 2 сарын 21-ээс 3 сарын 07-ны 13 цаг хүртэл 14 хоног үргэжлэх юм. Ингэснээр Монголын анхны Финтек компанид иргэд, олон нийт хувьцаа эзэмших боломж бүрдэж байна.
"ЛэндМН"-ны хувьцааг 3 аргаар авах боломжтой бөгөөд хамгийн хялбар арга нь "ЛэндМН" аппликэйшнээ гар утсандаа татаж суулган хувьцааны захиалга өгөх юм. Технологийн дэвшлийг ашиглан Монголд анх удаа гар утсаараа хувьцаа захиалах боломжийг "ЛэндМН" компани ийнхүү олгож байна. Түүнээс гадна "ЛэндМН" хувьцааны андеррайтераар ажиллаж байгаа “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” компанид хандан данс нээлгэн захиалга өгөх эсвэл Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг бусад ҮЦК, брокеруудаар дамжуулан захиалгаа өгч болох юм байна.
Компани нь гар утастай хүн бүрийг ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжийг хангах зорилгоор компанийн нэгж хувьцааг 25 төгрөгөөр санал болгож байна. Хөрөнгийн зах зээл дээрээс нийт 5 тэрбум төгрөг төвлөрүүлэн, үндсэн үйл ажиллагаандаа буюу 100% зээлийн эх үүсвэрт зарцуулж үйл ажиллагаа өргөжүүлэх юм.