ВАШИНГТОН./РИА Новости/. Хятадын эсрэг худалдааны арга хэмжээ авах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр зарлана хэмээн Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Түүнчлэн АНУ-ын төрийн тэргүүн өнөөдөр “Хятадын эдийн засгийн түрэмгийлэлтэй тэмцэх тухай” санамж бичигт гарын үсэг зурах төлөвтэй байгаа аж.  
Зах зээл дээр заль мэх хэрэглэхэд зориуд чиглэсэн хүчин чармайлт тавих, манай улсаас технологи болон оюуны өмчийг хулгайлах зэрэг үйлдэлд  Хятадын засгийн газар хариуцлага хүлээх ёстой юм гэж Д.Трамп үзэж байгаа тухай өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч Раж Шах мэдэгдсэн юм.
Харин Хятад улс өөрийг нь буруутгаж байгааг няцааж, сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг Д.Трапмт уриалжээ.
Мөн Д.Трамп ирэх баасан гаригаас өмнө Хятад, Орос зэрэг хэд хэдэн улсаас нийлүүлж буй ганд болон хөнгөн цагаанд татвар ногдуулах тухайгаа зарлах бодолтой байгаа аж.
Түүний авах арга хэмжээнүүд нь АНУ, Хятад болон Европын холбоо оролцсон томоохон худалдааны дайн өрнөхөд хүргэж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг