sonin.mn
УИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИРТОЙ ярилцлаа.
 
-Та Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийг ахалж байгаа. Одоогийн байдлаар ажлын хэсэг ямар чиглэлээр шалгалт хийж байна вэ?
 
-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийг  байгуулсан. Бид бэлтгэл ажлуудаа хийгээд удирдамжаа баталлаа. Дэд ажлын хэсгүүдийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулаад байна. Дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүдэд давхар хариуцуулсан.Томоохон бүрэлдэхүүнтэй дэд ажлын  хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ. Тухайлбал, үндсэн гэрээ, түүний хэрэгжилт, Монгол Улсад өгч байгаа татвар, өгөөж болон байгаль орчин, нийгмийн асуудлыг шалгаж эхлээд байна. Өнөөдөр эдгээр ажлын хэсгийнхэн /өчигдөр/ “Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзах гэж байна.
 
-Ажлын хэсгээс “Оюутолгой”-н удирдлагуудад тодорхой санал тавих уу, уулзалтын гол зорилго юу байх вэ?
 
-Оюутолгойн гэрээтэй холбоотой бичиг баримтуудыг ажлын хэсэгт өгөхөөс гадна бүх талаар тусалж ажиллах боломжоор хангах хүсэлтийг бид компанийн удирдлагуудад тавина. Үндсэндээ бид саадгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх хүсэлт тавих юм.
 
-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл багтаж байгаа юу. Олон нийтийн байгууллагын төлөөллийн дуу хоолойг сонсдоггүй гэх шүүмжлэл байдаг шүү дээ?
 
-Энэ ажлын хэсэгт дөрвөн намын төлөөллөөс гадна төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийнхэн чиглэл бүртээ асуудлаа ярихаас гадна холбогдох баримтуудыг гаргаж авах юм. Ингэснээр бид нэгдсэн дүгнэлтэд хүрэх чиглэлтэй ажиллаж байна.
 
-Шалгалтын хүрээнд ноцтой баримтуудыг дэлгэнэ гэж байсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийнхэнд дарамт ирж байна уу?
 
-Одоогоор тийм зүйл гараагүй байна. Ямар ч байсан шалгах ажлын хэсгийг шалгах явцад нэг зүйл анзаарагдсан. Энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Монголд ирэх үр өгөөжийн асуудлыг Монголчууд их сонирхдог юм байна. Маш их хүлээлттэй байдгаас гадна энэ гэрээг сайжруулахыг хүсдэг гэдгийг анзаарлаа. Тиймээс энэ удаагийн ажлын хэсгийнхэн гэрээг сайжруулах талд тухайлан ажиллана гэдгийг хэлмээр байна. Энэ гэрээний тухайд хамгийн гол нь Монгол Улсад төлөх татварын зөрчлүүдтэй холбоотой байдаг. Дээрээс нь 34 хувийн өндөр хүүгээс гадна “Оюутолгой” компани цөөнгүй төрлийн шимтгэл авдаг. Өнөөдрийн байдлаар дөрвөн төрлийн шимтгэл авч буйг бид эргэж харна. Ажлын хэсгийн гол зорилго нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах талаар Засгийн газарт үүрэг өгөх юм. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, Оюутолгойн гэрээг цуцлах тухай ойлголт байхгүй. Энд асар том бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Гүний уурхайн ажил маш эрчимтэй явж байгаа учраас энэ бүгдийг зогсоох тухай асуудал байж болохгүй гэж бид үзэж байгаа.
 
-Оюутолгойн гэрээг сайжруулах боломж хэр байна вэ. Тухайлбал, “Рио Тинто”-той энэ талаар тодорхой ойлголцолд хүрсэн зүйл бий юү?
 
-Төрийн гурван өндөрлөг ажлын хэсгээ дэмжиж байгаа. Нэг үеэ бодвол Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэдэгт санал нэгддэг болсон байна. Улстөрчдөөс гадна иргэд ч үүнийг дэмжиж байна. Үүнийг “Оюутолгой” компанийн удирдлагууд ч ойлгож, хүлээж авч байна. Ийм боломж ч бүрдэж байна гэж харж байгаа. Тиймээс энэ удаад Монгол Улсад ашиггүй, өгөөж муутай заалтуудыг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа, Монгол Улсад хууль тогтоомжид нийцэхгүй заалтуудыг өөрчлөх зорилгоор ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
 
-“Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талаас экс Ерөнхийлөгч Н.Багабанди ажилладаг. Гэтэл түүнийг бэлгэ тэмдэг төдий гэх шүүмжлэл гараад байна. Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг солих эсэх тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Монгол Улсын 34 хувийг төлөөлж байгаа нь “Эрдэнэс Оюутолгой” компани. Захирлаар Б.Мөнхбаатар гэдэг хүн ажилладаг. Өөрөөр хэлбэл, 34 хувийг хамгаалж, тэдний эрх ашгийн өмнөөс дуугардаг бүхэл бүтэн компани бий. Мөн ТУЗ-ийн гишүүд байгаа.ТУЗ-ийн гишүүдийг Засгийн газар томилдог. УИХ-аас гарсан ажлын хэсгийн удирдамжид ТУЗ-ийн гишүүдийн асуудал багтаагүй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Засгийн газар ТУЗ-ийн гишүүдээ солиод явах бүрэн боломжтой.
 
-УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсгийг мөн байгуулж байгаа. Таныг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Энэ ажлын хэсэг ямар төрлийн шалгалт хийх вэ?
 
-“Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулахаар явж байна. Энэ ажлын хэсэг гарын үсэг зурсан, зураагүй, гарын үсэг нь хуурамч, яагаад Арбитрын шүүх дээр ялагдахад хүрэв, яагаад үнэн бодит бичиг баримтыг гаргаж өгөөгүй вэ гэдгийг шалгах юм.
 
-Нэгэнт Арбитрын шүүхийн шийдвэр гарчихсан байхад УИХ-аас ажлын хэсэг байгуулах шаардлага байгаа юм уу?
 
-Арбитрын шүүхийн шийдвэрийг эргэж харах, шүүхийн шийдвэрт залруулга хийх боломж УИХ-д бий. Хуулийн дагуу бүрэн боломжтой юм.
 
-Эдийн засгийн коридорын хүрээнд “Эрдэнэт Овоот”-ын төмөр зам барих асуудал ямар шатандаа явж байгаа бол.Танд энэ талаар мэдээлэл байна уу?
 
-“Эрдэнэт Овоот"-ын төмөр замын ТЭЗҮ-ийг хийж, бэлтгэл ажлыг хангасан. Гэхдээ хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдээгүй байна. Тиймээс ажлаа эхлүүлээгүй байгаа юм билээ.
 
-Энэ төслийг ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг нь эхлүүлчихвэл эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой?
 
-Энэ замыг ажил хэрэг болгочихвол тун ашигтай. Баруун тийшээ, баруун хойшоо Оросын бас нэг гарц бий болно. Өөрөөр хэлбэл, манай гурав, дөрвөн том ордыг дамжуулан энэ төмөр замыг барих учиртай. Хөвсгөлөөс эхлээд хэд хэдэн том ордын хажуугаар тавих төмөр зам байгаа юм. Гэхдээ хөрөнгө оруулалтыг нь шийдэж чадахгүй байгаа учраас боломж олдтол хүлээх л байх.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин