Монголчууд сүүлийн үед авлига авсан, Монгол Улсаа мөлжиж, хөлжсөн хэмээн Ерөнхий сайд аснуудаа болон томоохон албан тушаалтнуудаа цагдаж, хориод хууль, хүчнийхэн нь дотооддоо бол их л сүрхий ажиллаад байх шиг.
Түүнчлэн саяхнаас УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулахыг Ерөнхий сайдаас шаардаад байгаа. Мэдээж болохгүй, бүтэхгүй болоод л огцруулахыг хүсээд байгаа мэт харагдавч цаад утгаараа бол гадаад харилцааны хувьд ихэд анхаарал татахуйц үйлдлүүд гэлтэй.
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Яг үүнтэй нь давхцуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн энэ сарын 10-нд баривчилж, улмаар 30 хоног болгоод байгаа.
Ерөнхий сайд асан С.Баяр баривчлах хугацааг нь сунгах эсэхийг хэлэлцэх шүүх хуралд ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар шууд холбогдон оролцсон. Тэр үедээ С.Баяр “Өнөөдөр нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорилоо гэдэг нь Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах, Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох, Оюутолгойн нэр хүнд унах энэ асуудал нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм.
Тийм болохоор энэ талыг нь харж үзээч гэсэн саналыг хэлсэн байдаг. Хэдийгээр тухайн цаг үед өөрсдийгөө өндрөөр үнэллээ, Монголын газрын баялгийг гаднынхантай хувааж идсэн гэх мэтээр тайлбарлаж, буруутган чичилж байсан ч өдгөө энэ асуудал мөн л давтагдаж мэдэхээр болжээ. Гэхдээ арай өөр хэлбэрээр...
Учир нь одоогийн Засгийн газрын хоёр ч сайдыг огцруулна гэж байгаа нь мөн л гадаад харилцааны хувьд тийм ч таатай үе биш л болов уу. Огцруулах шаардлагад багтсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд энэ сарын 23-26-нд болох Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гуравдугаар чуулга уулзалтад оролцохоор АНУ-ыг зориод, эзгүй байгаа. Мань хүн АНУ-д Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Ж.Олфорд, ОУВС-гийн Японы захирал Кайзуки, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч В.Квакуа, АНУ-ын Мянганы сорилын сангийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш нартай уулзалт хийгээд тун завгүй тууж яваа.
Гэтэл ар хударгаар нь түүнийг огцруулахаар зүтгэж буй нь хэр зохистой асуудал бол.
Уг нь “олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо" гэж үг бий. Гэвч дэлхий нийт глобалчлагдаж, мэдээлэл секундийн хурдтайгаар цацагдаж буй үед бол тогоондоо хөлөө жийлцэн суухад хэцүү. Харин хүлээх боломж бол бий. Ядаж л гадаад бодлогод нөлөөлөх хэмжээний үйлдлийг айлчлал, уулзалтынх нь үеэр түр азнаж байж болох л санагдах.
Бүр энгийнээр бол нэлээд хэдэн жилийн өмнө гэр булд таарамжгүй байдал үүсчихсэн, ээж, аав хоорондоо муудалцсан эсвэл хүүхдүүдийн хэн нэг нь буруу хэрэг хийсэн
үед гаднаас зочин, гийчин ирвэл тогооны хэрүүлээ таг мартаад их л найрсаг айл байдаг байж билээ. Зочин явлаа өмнөх гэрийн дажин  хлэх хэмжээний... Эсвэл гэрээс муудалцаж гараад айлаар зочлоод ирэхдээ эвлэрчхээд ирдэг байсан үе өрх бүрт л бий. Мэдээж энэ бол улсын тухай яригдаж байхад жижигхэн асуудал.
Гэхдээ л хөгжиж буй орны хувьд нэгнийгээ гадагш “мордоход" араас нь хэрүүл хийгээд наадах чинь муу муухай Монголын төлөөлөгч шүү хэмээгээд байх нь олон улсдаа бол тийм ч таатай хандлага лав биш. Магадгүй бүр яриа, хэлэлцээр нь бүтэлгүйтэх тохиолдол гарахыг ч үгүйсгэхгүй. Ердөө л том том зүйл ярьж суухын оронд гадаад айлчлалд яваа нэгнээ Монголын нүүр царай болдог гэдгийг л санах хэрэгтэй баймаар. Энэ өөрөө эргээд гадаад бодлогод нөлөөлөх гарц ч байх магадлалтай.
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"