sonin.mn
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн мусульманчуудын ариун сар "Рамадан" өнөөдрөөс эхэлж байна. Энэ нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр Коран судрын анхны мөртүүд буусан сар юм. 
Хүмүүс тухайн сарыг дуустал үүрийн гэгээнээс эхлээд нар жаргатал ганц балга ус ч уулгvй мацаг барьдаг. Энэхүү заншлыг "Ораза" хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын таван тулгуурын нэг, мусульман хүн бүрийн ариун үүрэг аж. Мацаг барихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг байна.
Мөн идэж уухаас гадна хараал хэлэх, зохицгүй зан авир гаргах, муу үйл хийх, бэлгийн харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь илүү үр ашигтайд тооцогддог. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил юм.
Баян-Өлгийчүүдийн хувьд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрх олгогдсоноор буюу 1990 оноос шашны зайн үйлээ дахин сэргээж, Рамаданы зан үйлийг мөрдөж эхэлсэн түүхтэй юм.  Тэрбээр иргэд өчигдөр орой аймгийн бүх мечитүүдэд "Тарауих" хэмэх мөргөл үйлдсэн бөгөөд өнөөдөр орон нутгийн цагаар 03:37 цагаас мацаг барьж эхлээд байна.        
 
 
Ө.Нурболат
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг