sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын эдийн засгийн чуулганд Дэлхийн Банк Группын Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын туршлагын газрын Олон улсын хөрөнгө оруулалт ба өрсөлдөөний албаны менежер Др. Кристин Зенвэй Чиан оролцож байна.
Тэрээр Дэлхийн Банк Группээс  хийсэн “Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчны  шинэтгэлийн зураглал” судалгааг танилцуулсан юм.
Кристин Зенвэй Чиан ярихдаа, “Хөрөнгө оруулалтын чиглэлээр ухаалаг бодлого явуулах нь Монгол Улсын бизнесийнхэн болон иргэдийн хөрөнгө оруулалтаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тусална. Ялангуяа Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой хамгаалах явдал чухал болохыг хөрөнгө оруулагчид онцолж байна. Бизнесийн орчныг  ээлтэй болгон сайжруулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бид тууштай ажиллана. Бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг болон зохицуулагч байгууллагууд эдийн засгийг төрөлжүүлэх асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгөх шаардлагатай. Гэхдээ эдийн засгийг төрөлжүүлнэ гэхээр “олборлох салбарыг үл хэрэгсэн орхигдуулна” гэж ойлгож болохгүй юм. Монгол Улсын эдийн засагт уул уурхай, олборлох салбар даацтай хувь нэмэр оруулдаг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын зонхилох хувь хэмжээ ойрын ирээдүйд  тус салбарт төвлөрөх хандлагатай байгаа. Монгол Улс үр дүнд чиглэсэн оновчтой шийдэлд хүрэхийн тулд дараах хоёр тулгуур арга замыг авч хэрэгжүүлж болох юм. 
 
 
Эхний тулгуур чиглэлдээ байгалийн баялагт түшиглэсэн гадны хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, дараагийн тулгуур чиглэлдээ олборлолтын бус бусад салбаруудад чиглэсэн хөрөнгө оруулалт татах боломжийг судлан тодорхойлох хэрэгтэй.  Монгол Улс уул уурхайн нөөц баялгийн багахан хэсгийг дотооддоо үйлдвэрлэлийн шатанд боловсруулж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар энэ ашиглагдахгүй байгаа нөөц бололцоог нээн ашиглахад аж ахуйн нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулагчдад дэмжлэг, түлхэц үзүүлэх боломжтой. Гэсэн хэдий ч бусад салбаруудын адил хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад томоохон саад учруулж байна. Тухайлбал тогтвортой үйл ажиллагаа явуулах  баталгаа болон тендерийн ил тод баталгаат байдал байхгүй, лиценз олгох, хүчингүй болгох үйлдлүүд нь гэнэтийн байдлаар явагддаг. Хамгийн гол нь тус салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь мөнгөний орох урсгалын төвлөрөл цөөн хэдхэн салбарт чиглэсэн байдлыг өөрчилж сайжруулахаас илүүтэй нэг салбарт хэт төвлөрөл үүсгэнэ. Уул уурхайн салбарын хувьд боловсруулах үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаануудыг дэмжсэнээр эдийн засаг болон экспортыг төрөлжүүлж хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж болох тул энэ чиглэлд хөрөнгө оруулалтын шинэ стратеги боловсруулан хэрэгжүүлэх нь илүү оновчтой байхаар байна” гэлээ.
Засгийн газраас Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарыг Хөдөө аж ахуй байна хэмээн тодорхойлж байгаа.
Тэгвэл Дэлхийн Банкны Групп болон Үндэсний Хөгжлийн газар хамтран гүйцэтгэсэн холбогдох судалгаагаар дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг  шинээр татах боломжтой цөөн хэдэн салбарыг тодорхойлжээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чадавхитай таван дэд салбаруудад ноолууран эцсийн бүтээгдэхүүн, малын мах боловсруулах, эрчимжсэн фермерийн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн, сүүний чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуй зэрэг салбарууд багтсан байна.
Мөн манай улс аялал жуулчлалын салбараа өөд нь татья гэж олон жил ярьж буй бөгөөд  тус салбарт тулгамдаж буй хэд, хэдэн бэрхшээлүүдийг тодорхойлсон байна. Эдгээрт өнгөрсөн хугацаанд хийсэн урамшууллын бодлого болон хэрэгжүүлэлт нь аялал жуулчлалын чиглэлээр мэргэшээгүй хэт олон тооны аяллын хөтөч аж ахуйн нэгжүүдийг бий болоход хүргэснийг онцолжээ. Агаарын тээврийн салбарт зах зээлийн өрсөлдөөн байхгүй байгаа нь салбарын хүчин чадлыг хязгаарлан, аялал жуулчлалын хууль тогтоомжууд хуучирсан бөгөөд тус салбарын бизнесийн шаардлагуудтай нийцэхгүй, Засгийн газар аялал жуулчлалын зар сурталчилгаан дээр хангалтгүй төсөв төсөвлөдөг, аялал жуулчлалын мэдээллийн сан байхгүй байгаа нь аялал жуулчлалын урсгалыг зөв тооцож, холбогдох бодлогууд, стратеги, хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдийг боловсруулахад хүндрэлтэй болгож буйг дурджээ. 
Цахим худалдааны  салбар хөгжиж буй энэ үед  Монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бүрэн бэхжиж амжаагүй нь цахим худалдааны эко системд сөргөөр нөлөөлж буйг онцлов. Тодруулбал судалгаагаар цахим төлбөр, тооцооны систем цахим төлбөр тооцоог банкаар хүлээн зөвшөөрүүлж, хамтран ажиллахад хүндрэлтэй, мөн хэрэглэгчид цахим орчинд хийх төлбөр тооцооны аюулгүй байдалд эргэлздэг гэж гарсан байна. Олон улсын цахим худалдаанд оролцох боломж  буюу GET  буюу цахим худалдаа болон гар утасны аппликэйшнүүдийг ашиглах ур чадвар сул байгаа, тээвэрлэлт болон хүргэлтэд  цаг хугацаа, өртөг нь сөргөөр нөлөөлж байгаагаас гадна хөдөө орон нутагт төвлөрсөн зориулалтын агуулахууд дутмаг байгаа гэв.
Уул уурхай олборлох салбарыг түшиглэн дотоодын нэмүү өртөг болон сүлжээг нэмэгдүүлэх стратегийг боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох гадаад улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судлахыг зөвлөж байна. Улмаар Монгол Улсын одоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээс илүү нарийн технологи, ур чадвар шаардсан тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой салбар луу  гадаадын хөрөнгө оруулалтыг  татахад анхаарах нь чухал гэдгийг дээрх судалгаанд тодотголоо.
 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг