sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр гаргалаа. 
"Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ, "Дубайн гэрээ"-тэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд тавьсан юм. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хориод байсан. Энэ хугацаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын биеийн байдал хүндэрч, Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжин эмчлүүлж байгаа. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлснийг  өнөөдөр хянан хэлэлцсэн юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг