sonin.mn
-(Ардын дуу)
 
МАН-ын залуус "чанга" дуугарах боллоо-
 
Хагас жил гаруйн өмнө хуралдсан МАН-ын 28 дугаар Их хуралд хамгийн их хөндөгдсөн асуудал бол намын гишүүний ёс зүй, хариуцлага байсныг өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдлууд нэлээн сануулав бололтой. Энэ сарын 15-нд МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны нэгдсэн сургалт болж, МАН-ын шат шатны хяналтын байгууллагуудын дарга, гишүүдээс бүрдсэн 300 орчим төлөөлөгч оролцож. Тэдний өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ "Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг нэгэнт болжээ" хэмээн чангахан хэлэв. Тэрээр энэ үгийг хэлэхдээ "Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд.."" хэмээн онцолсныг дурдъя. Учир нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг нь Намын даргын дараах эрх үүрэг, хариуцлага хүлээдэг бөгөөд намын Их хурлаас итгэл хүлээлгэсэн Бага Хурлын 369 гишүүний итгэлээр сонгогддог нэгэн. Тиймээс хэлсэн үг бүртээ хариуцлага хүлээдэг. Д.Амарбаясгалан энэ удаад МАН-ын Их хурлаар яригдсан, жирийн гишүүдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа ёс зүй, сахилгын асуудлыг намын шат, шатны удирдлагуудад мөн ахин сануулав.
Тэрээр "Намын гишүүн, улстөрийн албан тушаалтан нь намын бодлого, намынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааныхаа төлөө ёс зүйн сахилгын цаашлаад албан тушаалын хариуцлага хүлээдэг байх, улстөрийн соёлыг бид нэвтрүүлэх ёстой. Намын үнэт зүйлийг сэвтээж албан тушаал, ёс зүйн зөрчил гаргасан улстөрч, намын гишүүн, албан тушаалтнуудыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, төрийн албан тушаалд томилох дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөх болно гэдгийг намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд цохон хэлж чадна. Би МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд МАН, МАНАН-гаас салах цаг нь нэгэнт болжээ хэмээн тодорхойлж хэлэхийг хүсч байна." гэсэн бөгөөд энэ өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч иймэрхүү өнгө аяс бүхий үгсийг намын удирдлагууд руугаа "чулуудсан" юм. Л.Оюун-Эрдэнэ гишүүн АТГ-т дуудагдаж, мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандан мэдээлэл өгөхдөө "Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч, нийтийн сонсгол хийснийх нь төлөө гишүүдийг дуудаж байцааж байна вэ. Хаврын чуулганаас өмнө энэ асуудалд цэг тавихгүй бол олон нийттэй, иргэдтэй, төрийн бус байгууллагуудтай нийлж, шударга ёсны тэмцлийг орон даяар эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүйгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр хүртэл би УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй" гэлээ. Ямартай ч залуус ёс зүй, сахилгын асуудлыг хөндөж, хариуцлага хүлээдэг байх тухай хэлсэн үгэндээ цохон дурдаж байгаа нь сайшаалтай. Дараа дараагийн сонгуульд тэд хэлсэн үгэндээ эзэн байж чадах, нам дамжиж засаглаж 60 тэрбум, 49 хувь, Үндсэн хуулийн Цэц дуулиант хэргийн эзэд болсон "Бадамжунайтнуудаасаа" салж чадах эсэхийг цаг хугацаа харуулна. Харин МАНАН-гаас салах тухайд тэд ирэх жилүүдэд улстөрийн энэ байр сууриа хадгалж чадах болов уу. МАНАН буюу "МАН+АН" гэдгийг эерэг талаас нь харвал хамтран Монгол орноо хөгжил цэцэглэлтэд хөтлөх улстөрийн хүчнүүдийн нэгдэл гэж болох ч үнэндээ сөрөг нь давамгайлсан нэр томъёо болгон ашигладгийг хэн бугай ч андахгүй. Википедиад Манан гэдэг нь Газрын гадарга орчмын агаарын давхаргад усны уур конденсацид орсны үр нөлөөгөөр үүснэ. Алсын бараа 1 км-ээс бага байвал манан, 1-10 км бол униар хэмээн нэрлэнэ гэсэн байдаг. Монгол хэлний их тайлбар тольд: Газрын гадаргуу, усны мандал дээр хэсэгчлэн тогтсон, харагдах орчин хязгаарлагдмал өтгөн, цагаан өнгөтэй усны уур гэж тодорхойлсон бөгөөд манан татуулах (Хэрүүл маргаан үүсгэж будилаантуулах) гэх тайлбар ч зүүгээстэй харагддаг.
Ардын дуунд "Манантай өдөр байна харанхуй болноо хө, мандах нар нь гараад ирвэл тунгалаг болноо хө" гэж онож хэлсэн байдгийг ч саная.
Тэгвэл нийтлэлч Б.Баабарын тайлбарласнаар улстөрд МАНАН-г 2004 оны сонгуульд ялагдлаа хүлээн зөвшөөрч чадаагүй тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын нэр дэвшигчдийг худалдан авах замаар анх үүсгэсэн гэдэг. Нэршлийн хувьд МАХН гэх нэрнээсээ X үсгийг хасч хаяснаар МАНАН гэх тохиромжит нэршил болж хувирчээ. Мэдээж 2007 онд байгуулагдсан МАН-АН-ын хамтарсан С.Баяраар толгойлуулсан Засгийн газар МАНАН гэх ойлголтыг бүүр ч баталгаажуулахад "нэмэр" болсон биз. Хэдийгээр үүнээс хойш 10 жил өнгөрсөн ч Монголын улстөрийн МАНАН сарниагүйг аль ч намын жирийн гишүүд хүлээн зөвшөөрдөг. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үг ч үүний баталгаа биз.
Хэрвээ Википедиа болоод Монгол хэлний тайлбар тольд тодорхойлсноор МАНАН-г тайлбарлавал манай улстерийн будлиан одоогоор "1 км" зайд ернөж байна. Хэдий ойрхон зай мэт санагдавч, учруулсан хохирол, хомхойн сэтгэлийн хэмжээ нь аль хэдийнэ униарын төвшинд очжээ. Аль ч намд МАНАН-г сарниулах тухай яригдах бүрт намын эв нэгдэл гэх сайхан үгээр намжаасаар байдаг. Гэтэл эв нэгдэл гэдэг хуйвалдан, хулгайлахын нэр ердөө биш. Энэ бол МАНАН-г хаацайлах үг, ойлголт биш гэдгийг намын аль ч шатандаа ойлгож, энгийн гишүүдээсээ эхлээд зоригтой алхам хийгээсэй билээ.
 
Х.ДӨЛГӨӨН