sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж орлогын албан татвар /ААНОАТ/-ын тухай хуулийг УИХ-ын гишүүдийн олонх нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнийг татварын шинэчлэлийн эсрэг, татварын ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо хэмээн  өнөөдөр МҮХАҮТ-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. 
УИХ-ын энэ сарын 14-ний өдрийн чуулганаар татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой ААНОАТ-ын тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн олонх нь бизнес эрхлэгчдэд хүлээлт үүсгэсэн тус хуулийг учир дутагдалтай  гэж үзэн, буцаах шийдвэрийг гаргасантай холбоотой МҮХАҮТ-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Удирдах зөвлөл, тэргүүлэгчдийн зүгээс ААНОАТ-ын тухай хууль нь татварын орчныг эдийн засгийн нөхцөл байдал, компанийн өсөлттэй уялдуулан, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, үр ашигтай, хөрөнгийн төвлөрөлтэй, өрсөлдөх чадвар бүхий ААН бий болгох зорилгоор татварын шатлалын босгыг 6 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг эрс шинэчлэл хийх шаардлагатай чухал хуулийн төсөл гэдгийг онцолж байв.
ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөөлөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссаныг дурьдсан юм.
Түүнчлэн “2014 оноос хойш татварын системийн өөрчлөлт дээр татварын эрх зүйн хувьд үндсэн хуулийн гол агууламжийг агуулсан хуулийн систем хэрэгтэй байна гэдэг дээр МҮХАҮТ ач холбогдол өгч идэвхтэй оролцож байсан. УИХ хуулийн төслийг батлахаас хойшлуулж буцаасан үйл явцыг ажиглахад татварын системийг баялаг бүтээгчид  ААН-д хэрэгтэй гэдгийг олж харахгүй зөвхөн улс төрийн өшөө хонзон авах үйл явц болсон. Шууд хэлэхэд өмнөх огцорсон Засгийн газар үүн дээр ач холбогдол өгч унагахын төлөө байсан. Тиймээс энэхүү хуулийн төсөл бол улстөрийн биш, цэвэр татвар төлөгч нартай холбоотой асуудал юм шүү” гэдгийг МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав дахин онцолж байв.
 
Э.Энхсаруул
Эх сурвалж: Монцамэ агентлаг