sonin.mn
Хятад, Америкийн худалдааны мөргөлдөөн шат ахиж худалдааны дайн тийш дөтөлж байна. 3 сар гаруйн турш, АНУ худалдааны дайн дэгдээхээр оролдож, БНХАУ-аас АНУ-д экспортолдог олон тэрбум ам долларын бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж авахаар заналхийлж, сүрдүүлж байна. Энэ өдөөн хатгалгын цуврал үйл ажиллагааны цаад шалтгаан бол АНУ-ын засгийн газрын хөөрөгдөж буй “эдийн засгийн түрэмгийлэл” гэгч мөн. 
Цагаан ордны Үндэсний худалдааны хорооны дарга Наваро саяхан “БНХАУ-ын эдийн засгийн түрэмгийлэл АНУ болон дэлхийн технологи, оюуны өмчийн эрхэнд заналхийлж байна” сэдэвт тайлан нийтэлж, Хятад улсад “эдийн засгийн түрэмгийлэгч” нэр зүүлгэхийг оролдсон юм. 3-р сард, Трамп санамж бичигт гарын үсэг зурахдаа мөн Хятадын “Эдийн засгийн түрэмгийллийн үйл ажиллагаа”-нд чиглүүлж байна гэж хэлсэн. Өнгөрөгч 7 хоногт АНУ-ын зарим хэвлэл Хятад, Шри Ланкын Ханбантота боомтын хамтын ажиллагааны төслийн тухай ихээр мэдээлж, Шри Ланкын засгийн газрын гаргасан хамтын ажиллагааны энэ төслийг БНХАУ тус улсыг “колончилж”, “түрэмгийлж” байна гэж мэдээлсэн юм. 
Хэвлэлээр байн дахин дайрч, цаг алдалгүй гэрч гэгчийг нийтэлж буй нь АНУ-ын тал БНХАУ-ыг муулж гуйвуулж буйгаа бодит хэрэг болгох оролдлого юм. Муулах, гуйвуулах, худал мэдээлэл цацах аргаар “эдийн засгийн түрэмгийллийн” ял оноож буй нь “Хятадын заналхийлэл” гэгч хуурамч онолын шинэ загвар гэдгийг Хятад болон бусад улс орнууд тодорхой мэдэж байна. 
АНУ-ын өгүүлж буй “эдийн засгийн түрэмгийлэл” гэх стандартаар бол АНУ өөрөө аль эрт олон улс оронд эдийн засгийн түрэмгийлэл хийчихсэн. Өөрийн дээрэнгүй байр суурь, “Америкийг эн тэргүүнд тавих” аминч эрх ашгаа хамгаалахын төлөө Цагаан ордон олон орон руу "гал нээж", холбоотон ба өрсөлдөгч орон гэлгүй, хөгжингүй эдийн засгийн цогц ба буурай хөгжилтэй эдийн засгийн цогц гэлгүй бүгд рүү нь "гал нээлээ". Тухайлбал, ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний хувьд Канадтай хийж буй худалдаа нь ашигтай байсан ч “улс орны аюулгүй байдал” гэх шалтгаар гаалийн татвараа нэмлээ. Канадын засгийн газар арга буюу 7-р сарын 1-нээс хариу арга хэмжээ авч АНУ-аас импортолж буй бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж авахаар болсон юм. 
Нэмж хэлэхэд, сүүлийн хоёр жил Руанда, Кени, Танзани, Уганда зэрэг Зүүн Африкийн орнуудтай АНУ-ын хийсэн хуучин хувцасны гаалийн татварын маргааны гол шалтгаан бол Африкийн орнуудад хуучин хувцас экспортлох нь Америкийн 40 мянган ажлын байртай холбоотой юм. АНУ эдгээр оронд "Африкийн хөгжил ба боломжийн тухай хуулийн төсөл"-д хамруулахгүй гэж заналхийлсний дараа Кени, Танзани, Уганда улс АНУ-аас орж ирсэн хуучин хувцаснаас гаалийн татвар нэмж авахаа больсон юм. Руанда улс үндэсний аж үйлдвэрээ хөгжүүлэх зорилт тавьж, түүнийг хүлээж авахаас татгалзахад АНУ гаалийн татвараа бууруул хэмээн дахин шаардаж, эс тэгвэл ноцтой үр дүнд хүрнэ гэж заналхийлжээ. Бас нэг жишээ дурдахад, 7-р сарын 4-нд Ассошиэйтед пресс агентлаг, Их Британийн “Гардиан” сонин зэрэг хэвлэлийн мэдээлснээр: Саяхан Трамп Цагаан ордны зөвлөхүүддээ “Венесуэл улсыг түрэмгийлэх” боломжийн талаар ярьж, Цагаан ордны албаны хүмүүсийг цочирдуулсан байна. 
Хэн дээрэнгүй үзэл гаргаж байна? Хэн эдийн засгийн түрэмгийлэл хийж байна? Үүнийг бүгд мэдэж байгаа. БНХАУ дээрмийн чанартай худалдаа хийдэг байсан бол ихэнх орны Хятадтай хийх худалдаа алдагдалтай байх ёстой. Гэвч АНУ-аас бусад олон улс орны Хятадтай хийж буй худалдаа алдагдалгүй байна гэж Нью-Йоркийн их сургуулийн зочин профессор, Дэлхийн бодлого судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Жеймс Нолт үзэж байна.
БНХАУ болон олон орны хамтын ажиллагаа хамтдаа ашиг олохын төлөө байдаг. Цөөнгүй орон үүнийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны эцсээр Сенегал улсад болсон Африкт хөрөнгө оруулах III форумд Сенегал улсын ерөнхийлөгч Макей Салл өдөр ирэх тутам нягтарч буй Хятад, Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай ярихдаа: "Африкийн эрин үе ирлээ" гэж хэлсэн юм. Америкийн зарим хэвлэл Хятад Шри Ланкын Хамбантота боомтын хамтын ажиллагааны төсөл бол “Хятадын өрийн занга” гэж шүүмжилж байлаа. Шри Ланкын парламентийн зарим гишүүн хэвлэлийн бага хурал хийж, энэ мэдээллийг няцааж, АНУ-ын хэвлэлд худал мэдээлэл гаргахад тусалсан орон нутгийн хоёр сэтгүүлчийг гүтгэлэг тараасан гэж шүүмжилсэн юм. 
Дэлхийн өрсөлдөөнд АНУ цэрэг, банк санхүү, шинжлэх ухаан техник, америк доллар зэргийн хүчээр эдийн засгийн эрх ашиг, "Америкийг эн тэргүүнд тавих” үзэл баримтлалаар ашгийн төлөө хөөцөлдөж, түүний үр дагаврыг үл хайхран, улмаар холбоотон, өрсөлдөгч гэж ялгалгүй, бүдүүлгээр янз бүрийн нэр хоч зүүлгэж байна. Ингэж Хятад улсын гадаадад нээлттэй хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны системийг хамгаалж буйг “эдийн засгийн түрэмгийлэл”-ийн үйл ажиллагаа хэмээсэн нь “дэлхийн цагдаа” болж буй ганц талын болон худалдааг ивээх үзэлдээ шалтаг гаргаж буй хэрэг юм. Харамсалтай нь “Хятадын заналхийлэл”, “Хятадын сүйрэл” гэх зэрэг үзэл хэдэн 10 жил дараалан гарсан ч БНХАУ сүйрээгүй, аль ч орны хөгжилд заналхийлээгүй билээ. Харин АНУ л БНХАУ-ыг хамгийн гол өрсөлдөгчөө гэж үзсээр ирсэн юм. 
Цагаан ордны дээрэнгүй үзэл, Хятадын хөгжлийн стратегийг хязгаарлах, гуйвуулсан үзэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хятадын хөгжлийн замнал ч тийм дардан бус, элдэв асуудал тасралтгүй гарах болно. Цагаан ордон балмад гүтгэлэг тараасан ч БНХАУ өөрчлөлт нээлтийн 40 жилийн турш, гадны дарамт, гүтгэлэг, хөндлөнгийн оролцоонд бууж өгч байгаагүй юм. БНХАУ өөрчлөлт нээлттэй бодлого явуулж ашиг олж, өсөн дэвжиж, олон улсын хамтын нийгэмлэгт уялдан орсныг бодит үйл хэрэг нотолж байна. БНХАУ хөгжвөл дэлхий дахинд хамгийн их хувь нэмэр оруулах болно. 
 
Эх сурвалж: mongol.cri.cn