sonin.mn
Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль, аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390 633 135 /гурван зуун ерэн сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун гучин тав/ төгрөг байхаар УИХ-аас баталж Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт энэ оны зургадугаар сард даалгаад байсан юм. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Засгийн газрын нөөц сангаас гаргах 390 гаруй сая төгрөгийн 228.1 сая төгрөгийг  УИХ-ын гишүүнийг сонгох 42 дугаар  тойргийн нөхөн сонгуульд, 162.5 сая төгрөгийг Булган, Дорнговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Завхан, Говь-Алтай  аймагт тус тус болох орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиудад зарцуулахаар хувиарлав.
 
Товч мэдээ
-  Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт  сэтгүүлч, дипломатч Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ой болж байна. Ойг  2018 онд багтаан тэмдэглэн  өнгөрүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг БСШУС-ийн сайдад даалгав.
-  Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоолоо. Өмнө нь цэргийн албыг биеэр дүйцүүлэх болон цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас хамтад нь баталдаг байсан бол энэ оноос тус тусад нь тогтоож байна. Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд иргэн бүрт эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх, тэдэнд цэрэгеэх орон ч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах шаардлага буурахгүй байгаа юм. 2019 оны цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг аймаг нийслэлийн ИТХ,  Батлан хамгаалахын сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээний хүрээнд тусгагдсан ажил үйлчилгээ зэргийг үндэслэн тогтлоо
-  БНАЛАУ-д Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай засгийн газрын тогтоолыг батлав. Энэ хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой хонийг хоёр улсын мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн малын гоц халдварт өвчин гараагүй орон нутгаас бэлтгэж хүлээлгэн өгөхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.
-  Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсов. Төрийн албаны тухай/шинэчилсэн найруулга/ хууль батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, заавар, журмын төсөл, аргачлал зэрэг 47 эрх зүйн актыг боловсруулан батлуулахаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.