sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Энэтхэг улсын Тусгаар тогтнолын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Энэтхэгийн ЭСЯ-наас туг өргөх ёслол зохион байгууллаа.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу тугийг өргөж, Энэтхэгийн Ерөнхийлөгчийн илгээлтийг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд уншиж танилцуулсан юм.
Энэ үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабутай ярилцлаа.
 
-Танд Энэтхэгийн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр бол танай ард түмний хувьд яах аргагүй үнэ цэнэтэй өдөр. Энэ өдөр танай ЭСЯ-наас ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
 
-Улс бүрийн хувьд тусгаар тогтнолын өдөр чухал байр суурь эзэлдэг. Өнөөдөр 1.3 тэрбум хүн ам иай Энэтхэгийн хувьд 71 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж авсан түүхт өдөр юм. Энэ хугацаанд колоничлолоос чөлөөлөгдсөн энэтхэгчүүд эрх чөлөөтэй, хөгжингүй эдийн засагтай улсыг байгуулж байна. Бидний өвөг дээдэс ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө эрх чөлөөт эх оронд амьдрахын төлөө тэмцэж явсанд бид талархаж явдаг. Өнөө өглөө тусгаар тогтнолын баярын өдрийг Энэтхэг улсад Ерөнхий сайд эрхэмсэг ноён Моди Нарендра нээж, туг өргөх ёслолыг удирдсан. Ерөнхий сайд үг хэлэхдээ сүүлийн жилүүдэд гаргасан амжилт, ирээдүйд хийх зорилт, хөгжлийн талаар төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэ өдрийг гадаадад амьдарч буй 30 сая гаруй энэтхэгчүүд тэмдэглэж байгаа. Манай ЭСЯ-ны хувьд ч гэсэн уг чухал арга хэмжээг тэмдэглэн, туг өргөх хүндэтгэлийн ёслол хийлээ. Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тугийг өргөдөг ёстой. Ёслолын дараа ЭСЯ-нд багахан хэмжээний арга хэмжээ болно. Энэ үеэр Монгол Улсад амьдарч буй Энэтхэгийн иргэд болон Хинди сургалтын төвийнхөн сайн дурын үндсэн дээр цусаа хандивлалаа.
 
-Монгол, Энэтхэг орон газарзүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг оюуны хөрш орнууд. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байна. Ямар  ахиц, амжилт ололт гарч байна вэ?
 
-Манай хоёр орны харилцаа хэдэн зуун жилийн түүхтэй. Харин хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 63 жил болжээ. Энэтхэг нь 1955 онд социалист орнуудаас гадна хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон улс. Мөн манай улс Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх санал гаргасан анхны орон. Үүнийг ихэнх хүмүүс мэддэггүй гэдгийг энэ дашрамд сануулмаар байна. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хоёр орны хооронд өндөр түвшний олон айлчлал болсон. Манай хоёр улсын харилцаа улам эрчимтэй хөгжиж байгаа. Энэ нь 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Нарендра Монгол Улсад айлчилснаар илэрч байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийсэн нь түүхэн үйл явдал болсон юм. Айлчлалын үеэр эдийн засаг, соёл, уул уурхай, боловсрол, батлан хамгаалах, хил хамгаалах салбарт гэрээ хэлэлцээр хийсэн. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн төсөл хэрэгжиж байна. Энэ жил Энэтхэгийн дээд түвшний гурван сайд Монгол Улсад айлчилсан онцгой жил боллоо. Энэ нь Монгол Улс Энэтхэгийн чухал түнш орон гэдгийг илтгэж байна. Ирэх 4 сарын хугацаанд мөн олон хүмүүс Монголд айлчилна. 
 
-Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр Энэтхэгийн тусламжтай Монголд анхны газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар мөн яригдсан. Газрын тосны үйлдвэр бол монголчуудын хувьд маш чухал бүтээн байгуулалт. Энэ үйлдвэр  байгуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ? 
 
-Өнгөрсөн зургадугаар сард Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнатх Сингх  Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан. Энэ хүрээнд Энэтхэгийн талаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгох шийдвэр гарсан юм. Тиймээс Энэтхэгийн мэргэжлийн компани шалгарч уг төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөөд байна. Монголын Засгийн газар төмөр зам, цахилгаан, усны хангамж зэрэг бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нарын хэлснээр төслийг 2022 он гэхэд бүрэн хэрэгжүүлэх зорилготой. Энэтхэгийн талаас төслийг хэрэгжүүлэхэд чадах бүхнээ хийнэ, төслийн хугацаанд үйлдвэр баригдаж дуусна гэдэгт найдаж байна. Энэ үйлдвэрийг барьснаар Монгол Улсын шатахууны асуудал шийдэгдэх юм.
 
 
-Эдийн засаг, улс төрийн салбартай харьцуулахад Энэтхэгийн Засгийн газар манай улсын боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулдаг юм шиг харагддаг. Ерөнхий сайд Моди Нарендра Монголд айлчлах үеэрээ Энэтхэгт суралцах оюутны тоог нэмнэ гэсэн. Энэтхэгт хичнээн оюутан суралцаж байна вэ?
 
-Ерөнхий сайд Монголд ирэхдээ “Монгол Улсаас жил бүр 150 төрийн албан хаагчийг Энэтхэгт сургах богино хугацааны хөтөлбөр бий. Энэ тоог ашиглаж чадвал 200 оюутан сургах боломжтой” гэж хэлсэн. Ерөнхий сайдын айлчлалаас хойш гурван жил өнгөрлөө. Монголын Засгийн газар, монголчууд энэ боломжийг ашиглаж чадсангүй. Өнгөрсөн жил 137, 138 хүн Энэтхэгт суралцахаар явсан. Төрийн албан хаагч урт хугацаагаар ажлаа орхин явах боломжгүй учир 2 эсвэл гурван сарын хугацаатай тэтгэлэг олгодог. Тиймээс МОНЦАМЭ агентлагаар дамжуулан энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг Монголын төрийн албан хаагчдад уриалж байна.
 
-Мөн Монгол, Энэтхэгийн хамтарсан дунд сургууль байгуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ?
 
-Харамсалтай нь энэ төсөл удаашралтай байна. Хамтарсан сургуулийг аль болох түргэн хугацаанд байгуулах хүсэлтэй байгаа ч нөхцөл байдал ийм байна.
 
-Хэдийгээр ойрын өдрүүдэд Энэтхэгт үер бууж хүнд хэцүү байгаа ч гэсэн Энэтхэгийн ЭСЯ-наас Баян-Өлгий аймагт болсон үерт нэрвэгдсэн ард түмэнд тусламж хандив үзүүлсэнд монголчуудынхаа өмнөөс талархаж байгаагаа хэлье.
 
-Тиймээ, та үнэхээр гол зүйлийг хэллээ. Энэтхэгийн Ерөнхийлөгчийн илгээсэн илгээлтэд, “Дэлхий бол нэг гэр бүл” хэмээсэн. Хүмүүнлэгийг дэлхийд сурталчлах, гамшигт нэрвэгдсэн хөрш орнууддаа туслах, хүмүүсийн амь амьдралыг аврах гэсэн зарчмаар Баян-Өлгий аймагт болсон үерт нэрвэгдсэн улсуудад бид нөхөрлөлийн бэлгэдэл болгож 50 мянган ам.долларын хандив өргөлөө. Өнгөрсөн жил мөн зуданд нэрвэгдсэн Сүхбаатар аймгийн малчдад 15 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Энэ бол гамшигт нэрвэгдсэн улс орнуудад тусалж байгаа хэрэг юм.
 
-Удахгүй та нутаг буцах гэж байна. Ямар сэтгэгдэлтэй буцаж байна?
 
-Би 2-3 долоо хоногийн дараа нутаг буцах гэж байна. Монголд баярлалаа гэж хэлмээр байна. Хэлэх гэсэн бүх зүйлээ энэ үгэнд багтааж хэлье. Монголд амьдрах хугацаандаа нийт аймгийн талаас дээш хувьд зочилж, монголыг үнэхээр биширсэн. Говь, Сэлэнгэ, Ховд, Увс, Дорнод зэрэг аймаг бүр өөрийн онцлогтой сайхан нутаг. Би Монголын 21 аймгийн Засаг дарга нартай найз нөхөд болсон, бүгдийг нь танина, нэр усыг нь мэднэ. Мөн аймгуудын Засаг даргын тамгын газарт ажилладаг төрийн албан хаагчдыг Энэтхэгт суралцахад чадах чинээгээрээ тусалж байна. Монголын талаар гайхамшигтай дурсамжтай нутаг буцаж байна. Өөрөөр хэлбэл монголд хайртай болоод буцаж байна. Энэ хугацаанд Энэтхэгийн ЭСЯ-тай нягт хамтран ажилласан танай агентлагийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Та бүхний ирээдүйн ажил, амьдралд хамгийн сайн сайхныг, Монголын ард түмэнд зуу зуун жил ахин хамт ажиллахыг хүсэн ерөөе.
 
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг