sonin.mn
БНАСАУ-тай хамтрах интеграцийг “Зүүн хойд Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” -ийг үүсгэн байгуулахаас эхэлж болох юм гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ хэмээн Yonhap агентлаг өчигдөр мэдээллээ. Түүний хэлснээр энэхүү хамтын нийгэмлэгт Зүүн хойд Азийн зургаан улс болон АНУ багтах аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордноос хожим нь тодруулснаар зургаан орны тоонд хоёр Солонгос, ОХУ, Хятад, Монгол, Япон улс орох юм байна. Мүн Жэ Ин Японы дарангуйллаас Солонгос улс чөлөөлөгдсөн үйл явдалд зориулсан ёслол дээр “Энэхүү хамтын нийгэмлэг манай эдийн засгийн бүсийг хойд тив рүү тэлж, Зүүн хойд Азид хамтран оршиж, цэцэглэн хөгжих үндэс суурь бүрдүүлэх замаар Зүүн хойд Азид эрчим хүчний болон эдийн засгийн блок бүрдэж бий болоход хүргэнэ” хэмээн мэдэгджээ. Энэ бол “Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын олон талт тогтолцооны эхлэл болно” хэмээн Ерөн­хийлөгч хэлсэн байна.
Европын холбоо бол нүүрс, гангийн салбарын нэгдэл маягаар анх үүссэнийг Өмнөд Солонгосын лидер сануулсан байна. Цөмийн зэвсгийг бүрэн устгасны дараа л бүрэн дүүрэн интеграц боломжтой хэмээн Мүн Жэ Ин нэмж тайлбарлажээ.
 
 
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин