sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ болон түүний холбоотнуудын байршилд агаараас цохилт өгөх цэргийн сургуулилт хийх зэргээр БНХАУ агаарын цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байна гэж Пентагоны гаргасан тайланд дурджээ.
Худалдааны маргаанаас болж АНУ-БНХАУ-ын харилцаа хурцдаад байгаа энэ үед гаргасан уг тайланд, БНХАУ дэлхий дахинд нөлөөгөө тэлэх хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ тус улсын батлан хамгаалах салбарын зардал 2017 онд 190 тэрбум долларт хүрсэн гэж Пентагон тооцоолсон байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн бөмбөгдөгч онгоцнуудын үйл ажиллагааны талбар маш хурдацтай тэлж, АНУ болон түүний холбоотнуудын байрлалд агаараас цохилт өгөх сургуулилт хийж, далай тэнгисийн чухал бүс нутгуудад ихээхэн хэмжээний туршлага хуримтлуулаад байна гэж тайланд дурджээ.
Мөн БНХАУ энэхүү ажиллагаагаараа агаарын цэргийн хүчнийхээ чадамжийг харуулж байгаагаас гадна өөр юу илэрхийлэх зорилготой байгаа нь тодорхойгүй байна гэж тайланд дурдав.
 
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг