sonin.mn
ВАШИНГТОН. /Anadolu/. БНХАУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэж АНУ өмнө нь мэдэгдсэн билээ. АНУ-ын мэдээлснээр бол энэ арга хэмжээ ирэх долоо хоногт хэрэгжиж эхлэх юм.
Сүүлийн хугацаа буюу есдүгээр сарын 6-наас хойш БНХАУ-аас импортолдог 200 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах зорилготой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлсэн гэж “Bloomberg” телевиз мэдээлжээ.
Өнгөрсөн сард АНУ БНХАУ-ын 34 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан бол өнгөрсөн долоо хоногт 16 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар дахин ногдуулсан билээ.
Д.Трамп долдугаар сард мэдэгдэл хийхдээ, БНХАУ-ын 500 тэрбум долларын үзнэ бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 500 тэрбум доллар гэдэг нь 2017 онд АНУ БНХАУ-аас импортолсон нийт бараа бүтээгдэхүүний үнэтэй тэнцүү дүн юм.
Харин БНХАУ АНУ-ын эсрэг адил арга хэмжээ авч байгаа хэдий ч Д.Трамп 200 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулбал БНХАУ-ын зүгээс ижил хариу арга хэмжээ авах боломжгүй юм. Учир нь БНХАУ өнгөрсөн онд АНУ-аас 130 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг