sonin.mn
ЖЕНЕВ. /Синьхуа/. Сирийн хямралыг эцэс болгохын тулд НҮБ-аас гаргаж буй шинэ санаачилгын хүрээнд Орос, Турк, Ираны өндөр албан тушаалтнууд ирэх долоо хоногт Женев хотноо уулзахаар болжээ. Энэ тухай НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
“Есдүгээр сарын 10, 11-нд Орос, Турк, Ираны төлөөлөгчид “Сирийн удирдлага дор болон Сирийн мэдлийн” үндсэн хуулийн хороог байгуулах тухай асуудлаар яриа хэлэлцээ хийнэ” гэж С.Мистура мэдэгджээ. Мөн уг хорооны ажлыг зохион байгуулахад Сирийн талд хэрхэн туслах вэ гэдэг чухал асуудал мөн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Яриа хэлэлцээний дараа Египет, Франц, Герман, Иордан, Саудын Араб, Их Британи, АНУ гэсэн долоон улсын төлөөлөгчид есдүгээр сарын 14-нд уулзах ажээ.
НҮБ-ын тусгай төлөөлөгчийн ярьснаар, есдүгээр сарын 20-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Сирийн асуудлаар хэлэлцүүлэг хийх аж.
“Энэ сарын 10, 11-нд болох уулзалт хэрхэн үргэлжлэх талаар би урьдчилан хэлж чадахгүй боловч маш чухал үйл явдал болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Сирийн хойд нутгийн Идлиб муж дахь нөхцөл байдлын талаар С.Мистура ярихдаа “тус мужид ноцтой явдал болохгүй хэмээн найдаж байна. Улс төрийн үйл явц нь ямар нэгэн зүйлийн барьцаанд байж болохгүй гэж бид үздэг” гэсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг