sonin.mn
Хятад орныг танин мэдэх, Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байгаа билээ.БНХАУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын танилцуулга шоу боллоо.
 
 
Энэхүү арга хэмжээг нээж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Жу Ли: Монгол Хятадын аялал жуулчлалын салбарын солилцоо эрчимтэй нэмэгдэж, сүүлийн 2 жилийн хугацаанд 1,2 сая Монгол жуулчныг хүлээн авсан нь Монгол улсаас БНХАУ-г зорьсон нийт зорчигчдын 80 хувийг эзэлж байна. Энэ нь хоёр орны найрамдалт харилцааг нэмэгдүүлхээр барахгүй хоёр орны найрамдалт харилцааны бат суурь нь болж байна. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, найз нараа Өвөрмонгол орон та бүхнийг алгаа дэлгэн угтаж байна. Та бүхэн бидэнтэй нэгдэж хил дамнасан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, түүний үр шимийг хамтдаа хүртэцгээе гэв.
 
 
Уг арга хэмжээнд хамтран зохион байгуулагчаар оролцож буй Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх: Монгол улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны найрамдалт харилцаа, соёл аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа таатай байна. Монгол оронд хүрэлцэн ирдэг жуулчдын тоог манай хөрш хоёр орны жуулчид тэргүүлдэг. Өнгөрсөн 2017 онд БНХАУ-аас Монгол улсыг зорьсон жуульчид өмнөх 2016 онтой  харьцуулахад 8,9 хувиар өсч, 144,000 жуулчин ирсэн байна. Энэхүү жуулчдын тоо өсөж байгаа нь бидний хамтын ажиллагаа ирээдүйд улам сайжрахыг харуулж байна гэж бодож байна хэмээлээ.