sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯРТАЙ ярилцлаа.
 
Таньтай энэ удаа нэгэн сэдвээр дагнан ярилцах саналтай байна. Энэ нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт та хоёрын санаачилсан хуулийн төслийн тухайд юм. Би цэрэг, цагдаагийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төсөл юм байна гэж ойлгосон. Энэ талаар яриагаа эхлүүлье...
 
-"Соёмбо" сониныхоо нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Таны асуусанчлан цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой ойлгомжгүй, хойшдоо хохиролтой болох нэг асуудал үүсээд байгаа нь үнэн. Энэ нь ямар учиртай вэ? гэвэл Монгол Улсын Засгийн газраас 2017 оны сүүлчээр УИХ-д өргөн мэдүүлсэн "Тэтгэвэр, тэтгэмжийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингэхдээ "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйлд "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т, 7 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно. "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль"-ийн 1 дүгээр зүйлд "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин хөлсний дараалсан жил нь 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна" гэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, энэ хуулийг 2019 оноос хэрэгжүүлж эхпэхээр заасан. Гэхдээ бодит байдалд энэ хууль нь Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бэлэн байдал, хүний нөөцийн хангалт, тэдгээрийн алба хаагчдын сэтгэл санааны байдалд ноцтой нөлөөлж болзошгүй ба улсын төсөвт нэмэгдэл том дарамт үзүүлэх магадлалтай, алдаатай шийдвэр байсан. Энэ нь ч цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр тодорхой болж байна.
 
Судалгаа хийхэд хэдий хэмжээгээр буурахаар байгаа бол?
 
-Ойрын үед дээр дурдсан заалтуудын дагуу тоггоогдох цэрэг, цагдаагийн алба хаагчийн тэтгэврийн хэмжээ нь өмнөх аргачлалаар бодогдож байснаасаа тодорхой хэмжээгээр буурахаар байгаа тухай гомдол, санал надад цөөнгүй ирж байна. УИХ-ын гишүүд болоод холбогдох яам, харьяа газруудад ч ийм гомдол, санал тасрахгүй байгаа. Эцсийн дүндээ тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ бууруулсан энэ байдлаас үүдэж 2018 онд багтан тэтгэвэртээ гарах хүсэлт гаргасан цэрэг, цагдаагийн алба хаагчид ч цөөнгүй байна. Жишээлбэл, Зэвсэгг хүчний анги, салбаруудын хэмжээнд 2016 онд 251, 2017 онд 225 офицер, ахлагч тэтгэвэрт гарч байсан бол энэ оны 5 дугаар сарын байдлаар 2018 онд багтаж тэтгэвэрт гарахаар өргөдлөө өгсөн хүмүүсийн тоо 359 болж эрс нэмэгдсэнийг дээр дурдсан хуулиудын заалтуудтай холбож үзэхээс өөр аргагүй байгаа юм. Өргөдөл гаргасан офицер, ахпагч нар ч ийм тайлбар хэлж байгаа. Ингэж урьд төлөвлөсөн 272 хүн дээр нэмэгдэж хүсэлт гаргасан 6 офицер, 81 ахлагч нийт 87 хүн, үүн дээр БХЯ-ны харьяа байгууллагуудаас төлөвлөснөөс нэмэгдэж өргөдөл гаргасан 16 хүнийг нэмээд нийт 103 хүнд олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг дунджаар тооцож үзэхэд БХЯ-ны энэ оны төсөвт ойролцоогоор 3 тэрбум 505 сая орчим төгрөг нэмж олгох, эсвэл ийм хэмжээний өглөг үүсгэх шаардлага гарах байх. Ийм төрлийн хүсэлт гаргах хүмүүсийн тоо энэ оны төгсгөл хүртэл ч нэмэгдэх төлөвтэй байна.
Дээрээс нь цэргийн бусад байгууллага болоод ЦЕГ-аас энэ онд 380 орчим хүн тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлээд байгаа тухай мэдээлэл бий. Энэ тохиолдолд өмнөх аргачлалаар тооцоолоход эдгээр хүмүүст олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмж гэхэд л ойролцоогоор 12 тэрбум 969 сая орчим төгрөгийг энэ оны улсын төсөвт нэмж тусгах, эсвэл ийм хэмжээний өглөг үүсгэх шаардлага гарах болно. Нэг хүнд ноогдох , тэтгэврийн хэмжээ буурч байгаа асуудлын тухайд бол мөн л дээр дурдсан БХЯ, ЗХЖШ-ын харьяа анги, байгууллагын жишээн дээр авч үзэхэд 2019 онд хошууч цолтой цэргийн алба хаагчийн сар тутам авах тэтгэврийн хэмжээ 22,419 төгрөгөөр ахлагч цолтой цэргийн алба хаагчийнх 16,979 төгрөгөөр, 2020 онд хошууч цолтой цэргийн алба хаагчийнх 49.093 төгрөгөөр, ахлагч цолтой цэргийн алба хаагчийнх 29,951 төгрөгөөр тус тус буурах тооцоо гарч байгаа. Хэдийгээр дээр дурдсан хуулиудын холбогдох заалтууд нэг удаагийн 36 сарын тэтгэмж тогтоох аргачлалд хамаарахгүй байгаа боловч үүнийг цаашид нэгэн адилаар тэтгэмжийг тооцоход хамааруулах тухай санал ч гарсаар байгаа. Энэ тохиолдолд цэрэг. цагдаагийн алба хаагчдад олгогдох 36 сарын тэтгэмжийн хэмжээ 2019 онд 1 сая орчим, 2020 онд 2 сая орчим төгрөгөөр багасах нь тооцооноос харагдаж байна. Үүрэг өгөхөд үгүй гэж хэлдэггүй, насаараа цэргийн анги дагаж ажиллаж амьдарсан цэргийн хүмүүст энэ бол үнэхээр харамсалтай. Ийм байж болохгүй. "Цэрэг гэдэг өөрөө эх орон юм" гэж нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав хэлсэнчлэн эрхээ хязгаарлуулж, эх орноо батлан хамгаалсны төлбөр ийм өчүүхэн байж таарахгүй. Эдгээрээс гадна санаа зовоосон зүйл бол цэрэг, цагдаагийн албыг эрчүүдийн адил хааж, хүнд бэрхийг туулж явдаг эмэгтэй цэргийн алба хаагчид жирэмсний болон хүүхэд асарсны чөлөө эдэлсэн тохиолдолд авах цалингийн хэмжээ нь эрс буурдаг тул дараалсан 6 болон 7 жилийн цалингийн дунджаар тэтгэврээ бодуулахад тэтгэврийн хэмжээ нь ч багасахаар болоод байгаа юм. Жишээлбэл, дундаж тооцоогоор тэтгэвэр тогтоох энэ хугацаанд эмэгтэй хүн нэг удаа жирэмсний болон хүүхэд асарсны чөлөө эдэлсэн байх тохиолдолд тэтгэврийн хэмжээ нь эрэгтэй ахпагч, офицерынхоос 120 мянга орчим төгрөгөөр багаар тогтоогдох тооцоо байна.
 
Тэгэхээр үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ, зохицуулах боломж байна уу?
 
-Хамгийн гол нь хүний нөөцийн асуудал юм. Өндөр боловсрол, дадлага туршлагатай офицер, ахлагч нар Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын жинхэнэ албанаас дээрх шалтгаанаас үүдэн нэгэн зэрэг халагдах нь тухайн байгууллагын хүний нөөцөд хор уршигтай. Цаашлаад үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, мэргэжлийн боловсон хүчний нөөц, хангалт болон алба хаагчдынх нь сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлөх, улмаар тэдний ирээдүйдээ итгэх итгэл алдрахад хүргэх аюултай. Нөгөө талдаа халагдсан алба хаагчдын оронд ажиллах офицер, ахлагч нарыг сургаж бэлтгэх багагүй хэмжээний зардлыг дараа жилүүдийн төсөвт нэмж төлөвлөх зэрэг амьдралд хэрэгжихэд амаргүй олон зүйл үүсэх эрсдэл байна. Ийм учраас л Засгийн газар болон Сангийн яамны холбогдох дарга нар дээрх алдаагаа засаж залруулж, дурдсан хуулиудын  заалтуудыг хүчингүй болгож, хуучин хэвээр нь тооцуулахаар хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт бид хоёр санаачлаад байгаа юм. Бид хоёрын ард олон мянган офицер, ахлагч байгаа учраас болох байх гэдэгт найдаж байна.
 
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хуулийн шинэчлэлд та эхнээсээ хамт явсан. Цаашдаа хуулийн шинэчлэлээс гадна хэрэгжүүлэх шаардлагатай ямар асуудал байна гэж харж байна вэ?
 
-Баярлалаа. Цөөнгүй асуудал байна. Үүний нэг нь алба хаагчдын цалин мөнгөний хүрэлцээ болоод орон сууцны асуудал юм. Ер нь цэргийнхэн нэг их юм шахаж шаардаад байдаггүй шүү дээ. Гэхдээ ар гэртээ санаа зовохгүй албаа хаана гэдэг нь ажил үүргээ сайн биелүүлэхийн үндэс. Яах вэ, цалин мөнгөний тухайд нийгмийнхээ жишгээр, хуулийнхаа хүрээнд бага багаар урагшилж байгаа. Харин нийгмийн хамгааллыг нь сайжруулахын тулд хувьд нь газар олгож, амины орон сууц барих бололцоогоор хангах шаардлага бий. БХЯ-аар дамжуулан хөрөнгө, мөнгөний дэмжлэг үзүүлэх, орон сууцны зээлийн хөтөлбөрт аль болох олон цэргийн алба хаагчийг хамруулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авах бололцоо байгаа. Төрсөн аймаг, суманд нь ч байж болно шүү дээ. Миний бодлоор цэргийн хүмүүс эрэгтэй бол 25, эмэгтэй бол 20-оос дээш жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарахдаа заавал орон сууцтай болсон байх ёстой. Ядахдаа орон сууц захиалахад урьдчилгаанд өгөх, эсвэл хашаа .байшин ч болтугай авахад хүрэлцэх хэмжээний нэг удаагийн, орон сууцны буцалтгүй тэтгэмж авах эрх нь нээгддэг байх учиртай. Өмнө нь байр авч чадалгүй тэтгэвэрт гарсан хүмүүст дэс дараатайгаар орон сууц нөхөн олгох зэрэг асуудлыг хуульчлан баталгаажуулмаар байгаа юм. Өөр нэг зүйл нь цэргийнхэн цэргийн цолоо насан туршдаа зүүж, түүгээрээ бахархаж амьдардаг хүмүүс. Тийм ч учраас цэргийн цолны цалин нь насан туршийнх байх ёстой. Үүнийг дагаад цэргийн анги, байгууллагад ажилладаг энгийн ажилтан албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахыг мартаж болохгүй. Үүнээс гадна цэргийн алба хааж байхдаа их, дээд сургуульд суралцах болон мэргэжлийн сургалтад хамрагдахад хөнгөлөлт эдэлдэг байх, гэр бүлийнхнийг нь цэргийн эмнэлэгийн үйлчилгээнд бүрэн хамруулах, хүүхдүүдийг нь заавал цэцэрлэгт авдаг байх зэрэг олон асуудлыг хуульчилмаар байгаа юм.
 
Бүтдэгсэн бол цэргийнхэнд хэрэгтэй санал юм...
 
-Үнэхээр тийм. Энэ саналыг маань УИХ-ын гишүүд дэмжиж байгаа нь хамгийн том олз юм. Цаашдаа УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой хамт хэрэгжүүлэхийн төлөө явна. Цэргийн нөхөдтэйгөө, ахмадуудынхаа дэмжлэгээр бүтээхийн төлөө хичээнэ. Үүнийгээ хаана ч хэлнэ. Монголын төр цэргээ л гэх ёстой.
 
Ярилцсанд баярлалаа Дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин