sonin.mn

Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани 2010 оноос олборлолтоо эхэлж, өдөрт 10 000 барель буюу нэг сая долларын түүхий тос хилээр гаргаж байгаа ч компанийн 300 гаруй ажилчдын 58 хувь нь сард ердөө л 150-200 ам.долларын цалинтай, 40 хоног ажиллаад, 20 хоног амардаг байна. Иймд тус компанийн ҮЭ-ийн хороо ажил олгогчдоо шаардлага хүргүүлж хоёр ч удаа ажил хаях мэдэгдэл өгөөд байгаа юм. Тус компанийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Владимирын сэтгэгдлийг уншигчиддаа хүргэж байна.

 

Манай компанийн ҮЭ-ийн хороо 2012 оны дөрөвдүгээр сараас ажил олгогчдоо “Ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэх, ажлын цагийг богиносгох, ҮЭ-ийн төлөөллийг ТУЗ-д оруул” гэсэн гурван үндсэн шаардлага тавьсан. Хууль дүрмийн дагуу бичгээр асуудал тавих, уулзалт хийх, хамтын маргаан үүсгэх, хөдөлмөрийн арбитрт хандах гээд шат дараатай арга хэмжээ авсан ч асуудлыг шийдээгүй учир ажил хаях асуудлыг тавьсан.

 

Одоогоор бидний шаардлагын эцсийн үр дүн хараахан гараагүй ч толгой компанийн удирдлагаас “11, 12 дугаар сарын цалингийн зөрөөг өгье, 2013 оноос бүтцийн өөрчлөлт хииж, цалингийн сүлжээг шинэчилнэ, ирэх оноос цалинг нэмэх асуудалд ҮЭ-ийн төлөөллийг оруулъя" гэсэн яриа, хэлцэл явагдаж байгаа учир ажил хаях асуудал хойшлогдоод байна. Ер нь ажил хаялт бол асуудал шийдэх арга биш. Гэхдээ ажил хаялт хийхгүйгээр шийдэгддэггүй ажил бас байна.

 

Бидний энэ тэмцлийг хууль, дүрмийн дагуу явуулахад      МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, МТХГТҮЭХ-ны дарга Эрдэнэбат гээд ҮЭ-ийн хүмүүс тусалж байгаад нийт ажилчдынхаа өмнөөс их баярлаж байгаа. Ер нь ҮЭ-ийн байгууллагыг байгуулахаас эхлээд Хятадын тал дурамжхан хандсан. Гэхдээ ҮЭ байгуулах нь ажилчдын өөрсдийнх нь эрхийн асуудал учир амархан байгуулагдсан. Ингээд бид нэлээн бэрхшээл туулж байж Хамтын гэрээгээ байгуулж чадсан.

 

Бидний дөрвөн сараас хойш хийсэн үйл явцаас хойш хэдийгээр асуудлаа бүрэн шийдүүлээгүй байгаа ч ажилчдад ҮЭ хэрэггэй юм байна гэдгийг ойлгосон. Анх ҮЭ-д элсээгүй хүмүүс олон байсан одоо 100 хувь элссэн. Монголчууд бид эв нэгдэлтэй байвал үр дүнд хүрдэг юм байна гэдгийг бахархалтайгаар хэлье гэж боддог. Дэлхийд тавдугаар, Хятад улсад нэгдүгээрт ордог энэ том компанийн захирлууд ирж ажилчидтай уулзаж амлалт өгөөд явна гэдэг бол том алхам, ҮЭ-ийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж бодож байна.

 

Манай ажилчид, ҮЭ-ийн гишүүд маань эв нэгдэлтэй байснаараа өөрсдийн тавьсан шаардлагаа биелүүлж байгаа нь бахархууштай юм. Хятадуудтай хэлэлцээрээ амжилттай хийсэн нэг онцлог бол ажилчид ҮЭ-ийн хорооны даргаа орон тоогоор сонгосон, хоёрдугаарт би тэтгэврийн хүн учир цалинг хасах, халах зүйл байхгүй. Ажил ч явж байна, амьдрал ч явж байна. Бид тавих асуудлаа үргэлжлүүлээд л тавиад явна даа.

 

Б.Жаргал

Эх сурвалж: "Хөдөлмөр"