sonin.mn
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ 1978 оноос шинэтгэл хийх, гадаад ертөнцөд нээлттэй болох бодлого явуулж эхэлснээс хойш 40 жилийн хугацаанд тус улсад 375 сая ажлын байр нэмэгдсэн тухай Хятад улсын Статистикийн үндэсний хорооноос мэдээлэв.
2017 оны эцсийн байдлаар, хөдөө орон нутаг болон хотууд дахь ажлын байр 776 саяд хүрсэн нь 40 жилийн өмнөх үетэй харьцуулахад 93 хувиар өссөн үзүүлэлт болсон ажээ.
Ажлын байр ихээхэн нэмэгдсэн нь эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотой юм байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1978 оноос хойш жилд дунджаар 9.5 хувиар өссөн байна.
Өнгөрсөн жилүүдэд хот суурин газруудын ажилгүйдлийн түвшин харьцангуй буурсан аж. Энэ оны эхний хагасын байдлаар, АНУ-тай өрнөж буй худалдааны маргааныг үл харгалзан ажлын байр шинээр бий болгох үзүүлэлт эерэг үзүүлэлттэй хэвээр байгаа ажээ.
Энэ оны нэгээс зургадугаар сарын хугацаанд 7.52 сая ажлын байр шинээр нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 170 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг