sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Украинд осолдсон “МН-17” нисэх онгоцны сүйрэлтэй холбоотой бүх баримт бичиг, мэдээллийг Голландын талд хүлээлгэн өгсөн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдлээ.
“Бүх баримт бичиг, мэдээллийг Голландын талд хүлээлгэн өгсөн. Уг ослыг мөрдөн шалгах хамтарсан баг энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулж, тэдгээрийг ажилдаа ашиглаасай гэж хүсч байна” гэж тэрбээр мэдэгдэв.
2014 оны долдугаар сарын 17-нд Малайзын агаарын тээврийн компанийн “Боинг 777” нисэх онгоц Амстердамаас Куала-Лумпур чиглэлд нисэж явахдаа Донецк мужийн зүүн нутагт сүйрсэн билээ. Уг ослын улмаас нисэх онгоцонд байсан 283 зорчигч, нислэгийн багийн 15 гишүүн бүгд амиа алдсан юм.
Тухайн үед Донбасс бүс нутагт хуурай замын цэргийн ажиллагаа болж байсан хэдий ч Украин агаарын замаа хаагаагүй юм. Ослын дараа Голланд, Австрали, Бельги, Малайз, Украины төлөөлөгчдөөс бүрдсэн Мөрдөн шалгах хамтарсан баг ослын шалтгааныг тогтоохоор ажилласан билээ. Улмаар тавдугаар сарын 24-нд хамтарсан баг мөрдөн шалгах ажиллагааны тухай тайлан гаргаж, ОХУ-ын Зэвсэгт хүчний нисэх онгоц эсэргүүцэгч пуужингийн 53 дугаар бригадаас гаралтай пуужинд “МН-17” нисэх онгоц оногдож сүйрсэн гэж дүгнэсэн байна. Гэвч ОХУ уг дүгнэлтийг эсэргүүцэж, ОХУ-ын Зэвсэгт хүчний пуужингийн систем нэг ч удаа Украины хилийг давж байгаагүй гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг