sonin.mn
ДОНЕЦК. /TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын засаг захиргааны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Денис Пушилин 11 дүгээр сарын 11-нд болох тус улсын засаг захиргааны тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгджээ.
“Александр Владимирович Захарченкогийн амь биеэ зориулан байж хийсэн ажлыг бид үргэлжлүүлэх болно. 2014 оны тавдугаар сарын 11-нд ард иргэдийн гаргасан шийдвэр, сонголтыг бид хамгаална. Александр Захарченкогийн амийг хөнөөсөн алуурчид буруу тооцоолсон бөгөөд тэд ингэснээрээ биднийг айлгаж, төөрөгдүүлж чадахгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Энэ сарын 7-нд Донецкийн парламент Денис Пушилиныг засаг захиргааны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр сонгосон бөгөөд тэрбээр сонгууль болтол энэ үүргээ гүйцэтгэх юм.
Пушилин нь 2015 оны есдүгээр сард Донецкийн Ардын зөвлөлийн даргаар сонгогджээ. Үүний зэрэгцээ тэрбээр 2014 оны 11 дүгээр сараас хойш Украины асуудлаар холбоо тогтоох гурвалсан бүлгийн хэлэлцээнд Донецкийг төлөөлөн оролцож ирсэн байна. Одоогийн байдлаар тэрбээр Донецкийн Ардын зөвлөлийн дарга, Ерөнхий сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг