sonin.mn
МОСКВА./РИА Новости/. Хэрэв АНУ-ын эрх баригчид Тегеранд хандах хандлагаа өөрчилбөл тус улстай хэлэлцээ хийх талаар шийдвэр гаргана гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгджээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 73 дугаар чуулганд оролцохоор Америкийн Нью-Йорк хотод айлчилж буй юм.
“Өнөөдрийн байдлаар бид АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргаж буй зан авирын тал дээр ямар нэг итгэл найдвар тавихыг оролдохгүй байна. Хэрэв АНУ-ын эрх баригчид хоёр орны харилцааг сэргээх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа харуулбал бид хэлэлцээ хийх талаар шийдвэр гаргаж, таатай уур амьсгал бүрдэнэ” гэж Роухани хэлжээ. Ираны Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг түүний албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.
АНУ цөмийн гэрээнээс гарсныг алдаатай алхам болсон гэж Хасан Роухани мэдэгдээд Вашингтаны эрх баригчид ямар нэг шалтгаангүйгээр улсад нь хориг арга хэмжээ авч, сүрдүүлэн, улс орны дотоод хэрэгт оролцож байна гэж цохон тэмдэглэжээ.
Роухани мөн Ираны нефтийн экспортод АНУ саад учруулах гэсэн оролдлого нь аюултай гэж мэдэгдсэн байна.
Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс АНУ гарч байгаа болохыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 8-нд мэдэгдсэн билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг