sonin.mn
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Үе үеийн парламент хуулийг өөрчлөхөөр ярьж ирсэн ч энэ удаагийнх шиг ажил хэрэг болж, хэлэлцэх шатандаа очиж байсан удаагүй юм. Эрдэмтэн, судлаачид Үндсэн хуульд тусгуулах санаа бодлоо солилцож буй энэ цаг үед МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.
 
-Үндсэн хууль өнөөдөр  иргэний эрхийг хамгаалж чадаж байна уу. Энэ тухайд ямар өөрчлөлт оруулбал зүйтэй вэ, таныхаар?
 
-1992 онд баталсан Үндсэн хуулийн гол зорилго нь хүний эрхийг хамгаалах явдал байсан. Хүний эрхийг Үндсэн хуульд заагаад зогсохгүй, хүний эрхийн тодорхой тохиолдлыг зөрчвөл Үндсэн хуулийн шүүх буюу Цэцэд хандаж эрхээ хамгаалуулдаг байх үзэл санааг тусгасан байдаг. Харин хувь иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандах заалт байгаагүй ч энэ заалтыг олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжөөр оруулсан. Үүний цаана хүний тодорхой эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцэд ханддаг агуулга байгаа юм. Харамсалтай нь, манай Үндсэн хуулийн Цэц байгуулагдсан үеэсээ хойшх 26 жилийн хугацаанд хүний эрхийн тодорхой зөрчлийг авч шийдвэрлэлгүй явж ирсэн. Жишээлбэл, хүнийг эрүүдэн шүүсэн, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө их бага хэмжээгээр торгосон, тайван жагсаал, цугиааныг хүч хэрэглэн тараасан зэрэг хүний эрхийн ноцтой зөрчил гарсаар байна. Энэ тохиолдолд ердийн шүүхэд гомдол гаргаж эрхээ хамгаалуулж чадаагүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь Үндсэн хуулийн 66.1-ээр нээлттэй. Гэтэл Үндсэн хуулийн цэц ийм өргөдөл хүлээж авдаггүй.
 
-Үндсэн хуулийн цэц хараат бус байх ёстой гэдэг ч тийм байж чадахгүй байгааг хэлэх хүн цөөнгүй бий. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
 
-Цэц хараат бус байх ёстой. Хараат бус байхын тулд олон зүйлийг хийх шаардлагатай. Аль ч улсад Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг нэг удаа урт хугацаагаар томилж байж хараат бус байдлыг хангадаг. Тухайлбал, ес эсвэл арван хоёр жилээр нэг удаа томилоод дараа нь дахин томилдоггүй. Герман улс энэ зохицуулалтыг Үндсэн хуульдаа заадаггүй, ердийн хуулиараа зохицуулдаг. Гэтэл манай Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хувьд дөрөв, гурав, хоёр, нэг жилээр буюу тогтсон хязгааргүйгээр олон удаа томилдог нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хараат бус гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Учир нь, Цэцийн гишүүдэд нэр дэвшүүлсэн, томилсон субьектдээ эргээд таалагдахын тулд тал зассан байдлаар ажилладаг тохиолдол ажиглагддаг. 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний нэг бүрэн эрх буюу зургаан жил ажиллачихаад  дахин нэг удаа сунгана гэсэн утгатай нэмэлт, өөрчлөлтийг оруулсан боловч Үндсэн хуулийн цэц энэ заалтыг хүчингүй болгочихсон. Энэ нь Цэц хараат бус байх чадамжаа өөрсдөө нураасан гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хараат бус байдлыг илэрхийлэх чухал зүйл нь олонхоос өөр үндэслэл, байр суурьтай гишүүн түүнийгээ нийтэд илэрхийлэхийг зөвшөөрөх явдал. Өөрөөр хэлбэл, Цэцийн бүрэлдэхүүний олонх Үндсэн хуулийг буруу тайлбарлаад буруу шийдчихлээ гэж үзэж буй Цэцийн гишүүн энэ тухай тусгай саналаа нийтлэх эрхтэй байх ёстой. Олон улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч ийм эрхтэй байдаг. 2016 онд энэ эрхийг хуулиар нээж өгсөн боловч Цэц өөрөө дахин хүчингүй болгосон. Үүнээс харахад Үндсэн хуулийн Цэц зөрчигдсөн хүний эрхийг хамгаалах, хараат бус байх, гишуүдийнхээ хараат бус байдлыг бэхжүүлэх шинэчлэлийг нурааж, хүний эрхийн гомдлыг хүлээж авахгүй байгаа нь маш том асуудал болчихоод байна. Үндсэн хуулийн цэцийг хараат бус, хүний эрхийг хамгаалдаг шүүх болгох талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж шийдэхээс өөр аргагүй. Гэвч сүүлийн хэдэн жил болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт Цэцийн асуудлыг анхаарч үзэхгүй байна.
 
-Таны хэлж байгаагаар хуульд тодорхой зохицуулалтгүй буюу дур зоргын байдалтай Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллаж ирсэн байдаг юм бэ?
 
-Үндсэн хуулийн Цэцийн хувьд одоогийн эрх үүргийн хүрээнд хууль бус шийдвэр, зарим албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Үүний хүрээнд Үндсэн хуулийн Цэц дунд суудлаараа 1992-2017 онд 184 маргаан шийдвэрлэсэн байдаг. Үүнд дүгнэлт хийж үзэхэд зарим чухал асуудлыг шийдсэн боловч хүний эрхийг дордуулж шийдвэрлэсэн жишээ олон бий. Жишээлбэл, 1993 онд Үндсэн хуулийн Цэцээс "Монгол Улсын Үндсэн хууль тэгш сонгох эрхийг хамгаалаагүй" гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн үр дүнд 2000 оноос хойших УИХ-ын бүх сонгуульд тэгш сонгох эрх зөрчигдсөн. Жишээлбэл, 2016 оны УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойргийн 50-д тэгш сонгох эрх зөрчигдсөн.
 
41.271 сонгогчтой 63-р тойрог болон 14.002 сонгогчтой 3 дүгээр тойрог тус бүр нэг УИХ-ын гишүүн сонгосон. Өөрөөр хэлбэл, 63 дугаар тойргийн сонгогчийн санал 34 дүгээр тойргийн сонгогчийнхоос гурав дахин бага жинтэй гэсэн үг.
 
Үүнийг тэгш сонгох эрхийн зөрчил гэж үздэг. Мөн түүнчлэн, "Сонгуулийн пропорциональ хэлбэр бүхий холимог тогтолцоог шууд сонгох эрхийг зөрчсөн" гэсэн шийдвэрийг Цэц гаргаснаас сонгуулийн холимог хэлбэрийг оруулсан тогтолцоог хөгжүүлэх боломжийг хаасан. Уг нь шууд сонгох эрх гэдэг нь иргэд төлөөлөгчөөр дамжуулахгүй өөрөө санал өгөхийг хэлдэг. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгууль болохоос хоёрхон сарын өмнө Үндсэн хуулийн Цэцээс шууд сонгох эрхийг гуйвуулж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар сонгож байгаа сонголт нь шууд сонгох эрхийг зөрчсөн гэсэн нь маш ойлгомжгүй байдлыг бий болгосон. Мөн гадаадад оршин сууж байгаа иргэдийн сонгууль өгөх боломжийг хаасан хуулийг "Үндсэн хуулийн нийтээрээ сонгох заалтыг зөрчөөгүй" гэж 1993 онд шийдсэн. Уг нь нийтээрээ сонгох эрх гэдэг нь сонгуулийн насны бүх иргэнийг сонгуульд оролцуулах гэсэн утгатай. 1993 оноос хойш гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах эрхийг зөвшөөрөх нь УИХ-ын үзэмжийн асуудал болж хувирсан. Хуульд гадаадад байгаа иргэдийн санал өгөх заалтыг тусгасан боловч 2008, 2016 онд хуулиас аваад хаячихсан. Үүнээс болж гадаадад амьдарч байгаа 100 гаруй мянган иргэн УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй болсон. Энэ мэтчилэн Цэц Үндсэн хуулийнхаа заалтыг үзэл санаагаар нь зөв тайлбарлаж чадахгүй байгаа учир Цэц хүний эрхийн шүүх болж чадахгүй байна.
 
-Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайд хамгийн ахицтай нь байх шиг байна. Төслийг боловсруулаад бараг дууссан гэсэн. Одоогийн төсөлд Цэцийн асуудлыг тусгасан уу. Ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
 
-Үндсэн хуулийн еөрчлөлтийг хэд хэдэн парламент дамжин ярьж байна. Ингэж олон удаа ярьсан ч Үндсэн хуулийн Цэцийн асуудлыг тусгахгүй байгаа юм. Судлаачдын зүгээс Цэцийг хараат бус, үр нөлөөтэй болгох хүний эрхийн тодорхой асуудлыг шийддэг болгох, хэн дуртай нь Үндсэн хуулийн Цэцэд дуртай асуудлаа өгч маргаан үүсгэж, улс төрийн арга хэрэгсэл болгодог байдлыг зогсоо гэсэн санал дүгнэлтээ өгсөн ч тусгаагүй. Үндсэн хуулийн бусад заалтад хэчнээн сайн өөрчлөлтийг оруулсан ч Үндсэн хуулийн Цэцийг хараат бус, үр нөлөетэй болгож чадахгүй бол Үндсэн хууль гуйвах, улмаар хэрэгжихгүй байдал үүснэ. Бас нэг чухал асуудал нь Цэцийн бүрэлдэхүүн. Өнгөрсөн хавар Цэцийн дөрвөн гишүүнийг хоёр өдрийн дотор томилсон. Ингэхдээ нэр дэвшигчийн намтрыг ил гаргаагүй. Судлаач, олон нийт хэлэлцэх ямар ч боломж олгоогүй. Гэтэл дөрвөн нэг дэвшигчийн нэг нь 20 гаруй жил бизнес хийсэн, нэг нь Төрийн өмчийн хороонд маш асуудалтай, хууль зөрчсөн маргааны талаар хэвлэлээр бичигддэг хүнийг томилсон. Өөр нэг нь 2000-аад оны эхээс хойш хууль тайлбарлаж хэрэглэдэг биш харин хууль сахиулдаг ажил хийсэн хүн. Ингэж ердийн шүүхийн шүүгчид ч нэр дэвших шалгуур хангаагүй хүмүүсийг томилсон нь Цэцийн гишүүн өндөр мэргэшилтэй байх Үндсэн хуулийн шаардлагад нийцдэггүй.
 
-Засаглалын болон хууль тогтоох байгууллагын харилцаанд илүү үр ашигтай ажиллах бололцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тусгах хэрэгтэй гэсэн зүйлийг ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Манай Үндсэн хууль бол маш сайн хууль. Гэхдээ энэ маань анхны ардчилсан Үндсэн хууль. Тэгэхээр Үндсэн хуулиар хууль тогтоох, шүүх эрх мэдлийг хуваарилаад хоорондын хяналт тэнцлийг сайн хангаж өгсөн. Тиймээс Монгол Улс дарангуйллын дэглэм, нэг хүн эсвэл хэсэг бүлэг хүний мөнгө эрх мэдэл, түүнийгээ урвуулан ашигладаг байдал руу орчихгүй өдийг хүрсэн. Ямартай ч харилцан бие биеэ хянадаг тогтолцоотой байгаа. Энэ тогтолцоогоо бэхжүүлэх үүднээс зарим нэг өөрчлөлт хийх асуудлыг улс төрийн гол намуудын хооронд зөвшилцөл үүсгэн ярьж, түүнийг нь судлаачдын хувьд ч дэмжиж байгаа зарим асуудал бий. Жишээлбэл, Үндсэн хуулийн цэцийг дээр дурдсанчлан хараат бус, үр нөлөөтэй, хүний эрхийг хамгаалдаг, улс төрийн арга хэсэгсэл болдоггүй жинхэнэ Үндсэн хуулийн шүүх болгох өөрчлөлт шаардлагатай. Мөн, Монгол Улсад Засгийн газар нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллаад огцордог байдал бий болсон. Үүнээс болж улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй, бодлогоо зоригтой гаргаж, тууштай хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Ингэснээр ядуурал, ажилгүйдэл, архидалт өсч, дэд бүтцийн томоохон төслүүд хөдлөхгүй байгаа юм. Энэ нь ардчиллын нэр хүндэд сэв суулгаж байгаа. Үүнийг шийдэх үүднээс гүйцэтгэх эрх, үүргээ тогтвортой, хариуцлагатай, хяналттай болгох өөрчлөлтийг хийхэд гэмгүй.
 
-Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт дээр засаглалын хэлбэрийг өөрчлөх шаардлагатай талаар хэдэнтээ дурдсан. Үүнийг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох сонирхолтойгоо илэрхийлчихлээ гэх шүүмжлэл ч өрнөж байна. Таны харж байгаагаар тогтолцоог өөрчлөх шаардлага бий юү?
 
-Төр, засгийн эрх, үүргээ тогтвортой, хариуцлагатай, хяналттай болгох өөрчлөлтийг хийх асуудлыг шийд гэж иргэд санаа бодлоо илэрхийлж байгааг зарим хүн гуйвуулж Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэсэн байдлаар тайлбарлаж байна. Иргэд засаглалын хэлбэрийг хооронд нь ялгаж, салгадаг. Тиймээс миний хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар яриагүй гэж ойлгож байгаа. Иргэдийн хүсэл, зорилгын гол нь гүйцэтгэх эрх мэдэл, Засгийн газар тогтвортой, үр нөлөөтэй асуудлаа шийддэг болох гэж харж байна. Түүнээс биш бид засаглалын хэлбэрээ өөрчилж эсвэл Ерөнхийлөгчийн хэлсэн шиг бүх бурууг Үндсэн хууль руугаа чихээд, орвонгоор нь өөрчлөөд сайхан болчих зүйл байхгүй. "Freedom House" гээд иргэний болон улс төрийн эрхийг хэр сайн хамгаалж байна гэдгээр нь улс орнуудыг эрэмбэлдэг байгууллага бий. Үүний эхний 30, 40 орныг харж байхад олонх нь парламентын засаглалтай байдаг. Мөн авлигын индексээс харахад л эхний 30 орны 20 гаруй нь парламентын засаглалтай байдаг. Дэлхийн эдийн засгийн форумаас эдийн засгийн хувьд хамгийн сайн, өрсөлдөх чадвартай улсуудыг жагсаадаг. Энэ жагсаалтын эхний 30 улсыг харвал дахиад л дийлэнх нь парламентын засаглалтай улсууд байгаа. Япон, Их Британи, Герман зэрэг. Үүнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр парламентын засаглал муу засаглал биш. Гол нь парламентын засаглалаа бэхжүүлж чадвал эдийн засгаа хамгийн сайн хөгжүүлж чаддаг, хүний эрхийг хамгаалдаг, авлигыг багасгаж, шүүхээ хараат бус болгож чадсан байдаг. Тиймээс засаглалын хэлбэрийг өөрчилснөөр Монгол Улс сайн явна гэсэн үг биш.
 
-Хууль тогтоогчид Засгийн газарт орж ажиллаад байгаа нь хууль тогтоох байгууллагын хоорондын хамаарал, хяналтыг сулруулж байна гэх шүүмжлэл их өрнөдөг. "Давхар дээл"-ний талаарх ойлголтыг та хэрхэн хүлээж авдаг вэ?
 
-Манайх шиг гурван сая хүн ам, парламентын засаглалтай улсад УИХ нь доод тал нь 140 гишүүнтэй байх ёстой гэсэн томьёо байдаг. Ийм олон гишүүнтэй байснаар УИХ-ыг зүй бус нөлөөнд орохоос хамгаалдаг, асуудлыг олон талаас нь хэлэлцдэг, төлөөллийг илүү сайн хангадаг, хуулийг хэт цөөн хүн батлахаас сэргийлдэг зэрэг давуу талтай. Энэ тохиолдолд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх нь төдийлөн чухал биш. Гэхдээ одоогийн Үндсэн хуулиар 76 гишүүнтэй байгаа учраас Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн болох нь эрх мэдлийн харьцангуй тусдаа бие даасан байдал алдагдах нөхцөлийг бүрдүүлчихээд байгаа юм.
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин