sonin.mn

Шинэ засгийн газрын үйл ажиллагааг Монголын ард түмэн ший жүжиг үзэх гэж байгаа юм шиг “шинэчлэлт” хэрхэн хийх вэ гэдгийг нь сэтгэл догдлон тэсэн ядан хүлээж байна. Энэхүү засгийн газар кабинетаа шинэчлэлийн засгийн газар гэж мэдэгдсэн билээ.

 


Гэтэл энэ засгийн газар ард түмний хүлээж байсан тэрхүү шинэчлэлийг хийж чадахгүй нь эхнээсээ харагдаж байна. Учир нь "Хүний хөгжлийн сангийн тухай” хуулийн үйлчлэл нь 2012 оны 06-р сард санхүүжилт дуусаж данс нь улайснаар энэхүү хууль “оршуулагдсан” билээ. Учир нь хэрвээ хууль амьд гэж үзвэл өнөөдрийг хүртэл cap бүр иргэн бүрт 21000 төгрөгөө олгосоор байх байлаа.

 


Сү.Батболдын засгийн газар уг сангийн хуульд нэмэлт найруулга оруулан УИХ-аар батлуулан сонгуулийн өмнөхөн 2012 оны 05- р сарын 16-ны өдөр засгийн гаэрын 167-р "хар" тогтоол гарчээ. Энэ өдөр Төрийн өмчийн хороог мөн оршуулсан гэж ойлгож болно. Учир нь. Төрийн өмчийн хороо нь “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийг байгуулж даргыг сонгож, уг ТУЗ нь гүйцэтгэх захирлыг томилж байсан.

 

Тэгвэл засгийн газрын 167-р “хар" тогтоолоор засгийн газар аж ахуйн ажил болон мөнгөтэй зууралдах болсон. Ийнхүү Засгийн газар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлснээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, комланийн тухай хууль, засгийн газрын эрх эүйн байдлын тухай хууль зэрэг олон хуулийг уландаа гишгэх болжээ. Мөн түүнчлэн ардчилал, зах зээлийн замаасаа өөрсдөө ухарч байгаа юм биш биз.

 

Учир нь олон жилийн турш төр бол муу менежер, засгийн газар бол аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдан оролцох учиргүй гэж олон мянган улсын үйлдвэрүүдийг хувьчилж төр засгийн өмчөөс гаргаж байсан цаг саяхан биш билүү. Гэтэл засгийн газар уул уурхайн том том компаниудыг мэдэлдээ авсан. Ийм тогтоолыг шинэчлэлийн засгийн газар шууд хүчингүй болгохын оронд хэвээр үргэлжлүүлж байгаа нь ноцтой зүйл болж байна.



“Эрдэнэс-Таван толгой” компани Төрийн Өмчийн Хорооны тогтоолоор хуулийн дагуу гурван жилийн өмнө байгуулагдаж “Тавантолгойн” Зүүн Цанхийн орд газар үйл ажиллагаагаа явуулж байв. Засгийн газар саад хийгээгүйсэн бол зөв гольдролоороо явж байсан юм. Тус компани нь БНХАУ-н төрийн өмчит дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаарт ордог “Чалко” компаниас нүүрсний борлуулалтын урьдчилгаа болгон нүүрс гаргаагүй байж 250 сая ам долларыг 2011 онд авсан үүнээсээ 330 тэрбум төгрөгийг хүний хөгжлийн санд засгийн газар авсан гэдэг нь 2012 оны 01-р сарын 06-ны өдөр Ерөнхий сайд Сү.Батболд, сангийн сайд С.Баярцогт нарын өгсөн тусгай батламжаар нотлогдож байна.



Дээр өгүүлснээр 2012 оны 05- р сарын 16-ны өдөр “Хүний хөгжлийн сангийн тухай” хуулинд шинэчлэн найруулсан гэдгээр засвар оруулж, засгийн газар 167-р тогтоолоороо тус компанийг өөрийн мэдэлд авч, аман дээрээ тунхаглан ярьдаг ардчилал, зах зээлээс эрс ухарч ард түмнээ басамжлан доромжилж, ихээхэн хэмжээний мөнгийг цөөхөн хэдэн хүн захиран зарцуулах боломжийг олгосон.

 

Шинэчлэлийн засгийн газар нь энэхүү 167-р “хар” тогтоолыг хүчингүй болгох ёстой байтал, уламжлуулан үргэлжлүүлэх болсон нь гайхал төрүүлснээр зогсохгүй, шинэчлэлийн засгийн газар нь шинэчлэгдэхгүй, мөн шинэчлэлт өөрчлөлт хийж шударга ажиллахгүй нь ээ.. гэсэн хардлагыг төрүүлж байна. Уг тогтоол нь ард түмэн, улс орны эрх ашгийн хувьд хохиролтой боловч, цөөхөн хэдэн эрх мэдэлтэнд нэн чухал тогтоол юм.

 

Хэдхэн хүний мэдэлд асар их хэмжээний хөрөнгө мөнгө төвлөрч, дураараа дургих боломжийг нээж байна. Энэ байдлаас харвал шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл хийх нь байтугай ард түмний хяналтаас гарч, учир нь төрийн өмчит уул уурхайн том компаниудын удирдлагыг засгийн газар, түүний хэрэг эрхлэх газар томилж, зөвхөн өөрсдийнхөө хүрээнийхээ хүмүүсээр ТУЗ болон түүний дарга гүйцэтгэх захирлыг бүрдүүлж байна.



Наад захын жишээ хэлэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэл сонинд бичигдээд байгаа өөрийн хүргэн Дэнзэнг “Эрдэнэс-Таван толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилсон байна. Ийнхүү ТӨХ бэлгэ тэмдэг төдий оршиж, Ерөнхий сайд Төрийн өмчит том уул уурхайн компаниудыг мэдэлдээ авч, зөвхөн өөрсдийнхөө хүрээний хүнийг томилох болсон нь хэдхэн хүний гарт эрх мэдэл, далай шиг их мөнгө төвлөрөх нь тодорхой болж байна.

 

Шинэ Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” гэх мэтийн уул уурхайн том компаниудыг эрх мэдлээ ашиглан өөрийн мэдэлдээ авснаар наад зах нь шахааны хулхи, хуурамч бизнес цэцэглэх үүд хаалгыг нээж байна. Үүний нэг тод жишээ бол “Эрдэнэс Таван Толгой” ХХК-д 10 ширхэг “Тас” машиныг шахсан явдал юм. Энэ машин бол БНХАУ- ын цэргийн зэвсэглэлд байсан техник бөгөөд моралын элэгдэлд орсны дараа зориулалтыг нь өөрчилж; уул уурхайн өөрөө буулгагч ачааны машин болгон өөрчилж шахсан юм.

 

Зэвсэгт хүчний зориулалтаас хасаж, газар шорооньг шидэт машин болгосон боловч, гуравхан cap яваад бүгд жагсаалаас гарч, тус компаний уурхайн хашаанд төмрийн хаягдалд ачигдах өдөр сараа хүлээж байна. Нэг машин нь 165 сая төгрөгийн үнэтэй бөгөөд 2 тэрбум төгрөгийн техник хоромхон зуур үнэгүйдэх нь энэ ээ. Зах зээлийн бодит үнэ нь 40-50 сая төгрөгний өртөгтэй гэж ажиглагчид үзэж байна. Гэтэл нэг машинаас 100 гаруй саяын ашгийг том дарга нарын хань хамсаатангууд олсон байх жишээтэй.



Мөн тус компани “Мон Сан” компаниас нийлүүлсэн хүнд даацын 92 ширхэг дугуй шахсан байна. Нэг дугуй нь 20 сая төгрөгийн үнэтэй бөгөөд мөн л “Тас”- уудын адил 2 тэрбум төгрөгийг залгиад нас барсан шиг, энэхүү дугуйнууд мөн л 2 тэрбумыг чимээгүйхэн залгив. Дарга нарын бизнес бол говь цөлийн диназавор шиг хүч чадалтай. Шахааны шинэ дугуйнуудыг хийлж байх үед дэлбэрч, хоёр инженер залуу гэмтэж БНСУ-д эмчлүүлсэн хэдий ч дүлийрсэн хэмээх оноштойгоор тахир дутуугийн групд орсон байна.

 

Одоо уг дугуйнуудыг албан хүчээр том машины урд дугуйнд тавьж байгаа бөгөөд хэдийд дэлбэрч машин онхолдох бол гэж жолооч нар нь айдастай явна.
“Эрдэнэс Таван Толгой” нь БНХАУ-ын “Чалко” компаниас урьдчилан зээл болгож мөнгө авдаг учраас нүүрсээ 56 долларт өгдөг бололтой. Төрийн Өмчит энэ компани нь үнэн хэрэг дээрээ оршин суух тохилог байр сав муутай, ажилчид нь цалин багатай ядруухан байна. Хүний хөгжлийн сан үхмэл хуулийн дагуу үүрд оршуулагдаж, агуу их мөнгө Ерөнхий сайдын эрх мэдэлд шилжив.

 


Саяхан “Үнэн” сонинд Монголын нэрт дипломатч Д.Моононцагаан “Монгол дэлхийн хөлсний алуурчид олзны ангуучдын гарт орсон байна” гэж мэдэгдсэн. Мөн “Оюу Толгой” төслийн ажилтан эмэгтэй Гантуяа Хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэхдээ: “Оюу Толгойд ажиллаж буй Монгол хүн 1.5 сая төгрөг авдаг бол, гадаадын мэргэжилтэн 30-40 мянган доллар буюу сард 50 гаруй сая төгрөг авч байгааг мэдэгдсэн”.

 


Зүүн Цанхын шороо ухаж, нүүрс гаргах ажилд өндөр үнэтэй гадаадын мэргэжилтэн зөвлөх ямар хэрэг байна вэ? Тэдний доод талын цалин нь 30 мянган доллар байна. Саяхан тус компанийн ТУЗ -ийн даргаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн Дэнзэнгээ тавьсан бол хүргэн Дэнзэн нь тус компанийн гүйцэтгэх захирлаар өөрийн дотны хүн УИХ- ын гишүүн асан Я.Батсуурийг томилсон байна.

 


Сүүлийн үед олон түмний анхаарал татаж буй нэгэн зүйл бол “Эрдэнэс Таван Толгой" компанийн шинэ хуучин хоёр даргын албан ёсны мэдэгдлүүд юм. Учир нь тус компанийн хуучин захирал Б.Энэбиш нэг биш удаа мэдэгдэхдээ: “418 тэрбум төгрөгийг хүний хөгжлийн санд албан ёсоор хүлээлгэн өгсөн” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл шинэ захирал Я.Батсуурь 2012 оны 11-р сарын 02 -ны “Өдрийн шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа: “Тус компани 300 тэрбум төгрөгийг хүний хөгжлийн санд өгсөн” гэж мэдэгдсэн .

 


Энэ хоёр даргын мэдэгдлээс харвал 118 тэрбум төгрөг дундаас нь алга болсон байна. Аль даргынх нь мэдэгдэл зөв бэ. Энэ их мөнгө хаачсан бэ. БНХАУ-ын “Чалко” компаниас Монгол Ардын Нам сонгуулийн санхүүжилтээ авсан гэж шуугиад байсан нь энэ биш биз дээ.

 


Хуучин Засгийн газрын 167-р тогтоолыг хэвээр үргэлжлүүлж байгаа нь Засгийн газар нь хуулийн дагуу гурван жилийн өмнө гаргасан шийдвэрээ өөрчилж төрийн өмчит уул уурхайн компаниудыг шууд удирдаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа нь засгийн газар хуулинд заагаагүй ажил үүргийг гүйцэтгэж байна.

 

Ингэснээрээ ТӨХ нь хувьцаат компаниудын үйл ажиллагааг зохистой хэлбэрээр удирдан зохион байгуулах, төрийн өмчийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, ашгийг оновчтой хуваарилах, зарцуулах үйл ажиллагааг нь удирдаж хянах зэрэг үндсэн үүрэгт ажлаа хийхгүй байгаа нь төрийн өмчит хороог “хаачив” гэж хайхад хүргэж байна.


Шинэчлэлийн засгийн газар нь ард түмнийхээ эрх ашгийн төлөө шинэчлэлт өөрчлөлт хийх эсэх нь эргэлзээ төрүүлсээр... Энэ тухай үргэлжлүүлэн ярих болно.

Н.Цолмон
Эх сурвалж: “Хөх Толбо”