sonin.mn
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.
 
–Үндсэн хуулийг өөрчлөх, шинэчлэхийг  Ард түмний санал асуулгаар шийдэх ёстой гэдэгт та ямар байр суурьтай  байна?
 
-Ард түмэн өөрсдөө шийдэх ёстой асуудлыг Д.Лүндээжанцан нар шийдэх гээд байгаад  гол асуудал нь байна.  Үндсэн хуулийн эргэн тойрон дахь нэгэн  мэтгэлцээн дээр судлаач Мөнх-Эрдэнэ үүнийг их зөв тайлбарлана лээ. Ард түмэн анзаараагүй өнгөрчихсөн байж магадгүй. МАХН-ын боловсруулсан, ард түмнээр хэлэлцүүлээд байгаа Дээд хууль нэртэй шинэ Үндсэн хуулийн төсөлд үүнийг маш тодорхой заасан. Ерөөс Үндсэн хууль гэдэг тухайн ард түмэн нийтээрээ тохиролцож байгаад шийдсэн зарчим. Аливаа Үндсэн хууль тухайн ард түмний онцгой эрхтэй, зөвхөн өөрсдөө шийддэг суурь эрхзүйн ойлголт болохоос ард түмнээс төлөөлөл маягаар гарч ирсэн хууль тогтоох институт нь гар хүрээд байдаг юм биш. Үүнийг бид энэ удаа шинэ Үндсэн хуульдаа хатуу хуульчилж өгөх ёстой юм. Дахиад хэлэхэд, дараа, дараагийн Д.Лүндээжанцан шиг хүмүүс Үндсэн хуульдаа найман удаа нэмэлт өөрчлөлт хийгээд олигтой болоогүй  Киргизстан шиг  Үндсэн хуульд янз бүрийн байдлаар засвар, өөрчлөлт хийгээд байдаг явдлыг хааж өгөх учиртай. Үндсэн хуульд Их хурал гар хүрч болохгүй. Тодорхой хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахыг ард түмэн санал асуулгаар шийднэ. Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлыг бүх ард түмнээс зөвхөн Үндсэн хуулийг боловсруулж батлах үүрэгтэй Үндсэн хуулийн хуралдайг 10 мянган хүнээс нэг хүнийг сонгож байгаад шийдвэрлүүлдэг байхаар хуульчилж өгөх хэрэгтэй. Тэгж чадвал ард түмэн жинхэнэ утгаараа засгийн эрхээ эдлэх болно.
 
–Д.Лүндээжанцан гишүүн болохоор “Бид  1992 оны Үндсэн хуулиа баримталж байгаа”  гэж тайлбарлаж байсан?
 
– 1992 оны Үндсэн хуульд гар хүрэх хуульчилсан хоёр боломж бий.
Нэгдүгээрт, Их хурлын дөрөвний гурвын саналаар,
хоёрдугаарт, Бүх ард түмний санал асуулга гэж байгаа. Тэгэхээр нэмэлт өөрчлөлтөө хийчихье гэдэг МАН-ын байр суурь, нөгөө талд Бүх ард түмнээсээ асууж шийдье гэдэг нь Ерөнхийлөгч болон бусдын  байр суурь болчихоод байна. 1992 оны Үндсэн хуульд хийсэн нэг том гай нь УИХ-ын дөрөвний гурвын саналаар нэмэлт өөрчлөлт оруулахыг хуульчилсан явдал. Хэрэв, энэ заалт байхгүй, МАХН-аас дэвшүүлж буй Дээд хуульд байгаа шиг  Ард түмнээсээ асууна, дахин Үндсэн хуулийн хуралдай шинээр сонгогдож, хуулиа шинээр боловсруулж батлуулна гээд  заачихсан  байсан бол тодорхой бөгөөд ойлгомжтой байх байлаа. Тийм байсан бол өнөөдөр МАНАН-гийн тогтолцоо насаа уртасгах гэсэн тоглоом гаргахгүй. Энэ хөзрийг нөгөө алдартай америк зөвлөхүүд нь хуульд нь хийгээд өгчихсөн  байхгүй юу. Тэд дэлхийг 80 жилээр захирч байна шүү дээ. Хэзээ нэгэн цагт монголчууд сэрж, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэнэ гэдгийг мэдэж байгаа учраас тэр үед энэ заалтуудыг оруулж өгөөд яваад байсан байгаа юм.
 
Энгийн логикоор бодъё, бид үнэхээр энэ дэглэмээс салмаар байна уу. Сайнаар хэлбэл, бидний итгэдэг УИХ-ын гишүүд маань ард түмнийхээ төлөө ажиллах гэтэл үнэхээр болохгүй болчихоод  тэднийгээ сайн ажилладаг болгох гэж замыг нь заслаа гэж бодъё. Аль ч тохиолдолд нь ард түмнээсээ асууж шийдэх ёстой.
 
Тийм учраас 1992 оны хуулиар шийдэх гээд байгаа хоёр хувилбараас МАН-ын дэвшүүлээд байгааг хэзээ ч хүлээж авч болохгүй. Түүнийгээ бүр дордуулсан заль нь юу вэ гэвэл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг МАНАН бүлэглэл өөрсдөө баталсан.  Монгол Улсад улс төрөөс хараат бус Үндсэн хуулийн цэцтэй байсан бол тэр журмын тухай хуулийг батлахад нь татаж авчраад Үндсэн хууль зөрчиж байна гээд хаачих ёстой байсан. Одоо Д.Лүндээжанцан нар олон  нийтийг хэрхэн  төөрөлдүүлээд байна гэвэл, Үндсэн хуулиа бариад байна уу, түүнээс салбарласан МАНАН бүлэглэлийн баталсан  хуулийг барьж байна уу гэдгийг ард түмэн ялгадаггүй. Тэр нөхдүүд  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж өөрсдийнхөө гаргасан хуулийг Үндсэн хуулиас дээгүүр тавьж тайлбарлаад, олон түмний тархийг  эргүүлээд байна. Тэгэхээр  өнөөдөр  журмын тухай тэр хуулийг нь  Цэцэд өгөх ёстой. Ард түмний мэдэх ёстой эрхүүдийг журмын тухай гэх хуулиар  хаачихсан байгаа. Яахаараа ард түмэн Их хурлын санал болгосон томъёоллоор санал асуулгад оролцох эрхтэй байдаг юм бэ.Эзэн нь ард түмэн биз дээ. Ард түмэн аягыг  аяга гэж ойлгох юм уу, юу гэх юм бэ гэдгийг Их хурал хүчээр зохиож асуулгаж байна гэвэл утгагүй шүү дээ, түүн шиг заль мэхээр дүүрэн хууль байгаад байна. Үүнийг Г.Занданшатар, Д.Лүндээжанцан хоёр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Цаагуураа ном хэвлүүлсэн байдаг ч юм уу, яасан юм бэ бүү мэд. Эсвэл тодорхой бус байдлаар жаахан юм хөшүү­рэгд­сэн юм уу, ямар­тай ч хоёр янзын зүйл ажиглагдаад байдаг юм.
 
–Тухайлбал?
 
-1992 оны Үндсэн хуулийн автор нь Б.Чимид гэж бичигдэж, тэр хүнээр  овоглодог шиг энэ удаагийн автор нь Д.Лүндээжанцан болж түүхэнд үлдэх гээд байгаа юм шиг марзан байдал харагдаад байгаа. Тэгэхээр түүнд хэлэхэд, өнөөдрийн өр болох  30 тэрбум ам.доллар та нөхдийн зохиосон хуулиар яваад, дараа нь бусад хүн төрд очоод тэр өрийг өөрийнх нь үр хүүхэд, хамаатан саднаар төлүүлнэ шүү дээ. Тиймээс ард түмнийхээ хувь заяагаар тоглож болохгүй. МАН-ын 64  гишүүнээр улсын бүх өрийг төлүүлэх цаг ирнэ. Энэ намын 64, АН-ын есөн гишүүн дотор засаглал болохгүй байгаатай холбоотой асуудлыг зөв тайлбарлаж байгаа сэтгэлтэй, зөв хүмүүс зөндөө бий. Тухайлбал, Х.Нямбаатар гишүүн  мэтгэлцээн дээр асуудлыг маш зөв өнцгөөс тайлбарлаж байна лээ.
Засаглалын хэлбэрүүдийг харьцуулаад судалчихсан, одоогийн  гажуудлыг засч парламентын засаглалыг  сайжруулъя,   тогтолцоог хадгалъя    гэж ярьж байгаа хүмүүст  буруу байхгүй. Харин тэр хүмүүс 2016 оны сонгуулиар гишүүн болсныхоо төлөө ард түмний хувь заяаг яагаад шийдэх гээд байгаа юм бэ гэдэгт гол асуудал байна. Тиймээс заавал ард түмнээсээ асуугаачээ гээд байгаа  нь Ерөнхийлөгчийн зөв.
 
Засаглалын хоёр хэлбэрийн тухайд танин мэдэхүйн болоод соён гэгээрүүлэхүйн ажлуудыг маш сайн хийж байгаад ард түмнээсээ асууж, ард түмэн нь аль хувилбарыг сонгов, тэрийг нь харин чадалтай, сэтгэлтэй хүмүүс нь баталгаажуулах асуудал байгаа юм. Ард түмний санал асуулга нь Ардын намын зохиосон “Зөвлөлдөх санал асуулга” гэгч тоглоом шиг байж болохгүй л дээ. Эхлээд тэрийгээ зөв гэж баахан зүтгүүлсэн, харин эртээдийн  халз мэтгэлцээн дээр Д.Лүндээжанцан өөрөө “Тэр бол санал асуулга биш шүү. Зөвлөлдөх ардчиллын хүрээнд хийсэн таниулан сурталчлах ажил байсан шүү” гээд булхайгаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, 1700 хүн цуглуулж, зөвлөлдөх ардчи­лал гэж ярьсан ярилц­лага, дараа нь дэмжье энэ тэр өгсөн санал нь хууль эрхзүйн чадамжгүй. Тэрийгээ өнөөдөр Үндсэн хуульд байгаа Бүх ард түмний са­нал асуулгатай холихгүй гэдгээ өөрсдөө  хэлчихсэн.
 
–Үндсэн хуулийн эргэн тойрон дахь олон янзын байр сууриас хамгийн зөв гаргалгаа  аль нь вэ?
 
-Бүх ард түмний санал асуулга гээч зүйл Монголын түүхэнд 1945 оны аравдугаар сарын 20-нд болсон байдаг. Саяхан ойг нь тэмдэглэлээ шүү дээ. Хэд хоногийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, түүхч, судлаачдын хамт телевизийн нэвтрүүлгээр түүхт ойн тухай ярихдаа  яг тэр 1945 оны аравдугаар сарын 20-ных шиг Бүх ард түмнээсээ санал асууж, Үндсэн хуулиа шийдье  гэж байна лээ. Тэгэхээр ард түмнээсээ асууж байж шийдье гэсэн байр суурьтай байгаа хүмүүс маш зөв гаргалгаа хийж байна. Яагаад гэвэл сүүлд нь түүхэн хариуцлага хүлээхээ, тэр учраа мэдээд байна шүү дээ, тэр хүмүүс. Хожим тэнгэрийн гэсгээл, газрын шийтгэл, элдэв зүйл болохыг мэдрээд  байна, тэд. Харин олбог ширээндээ зууралдаж байгаа хүмүүс нь ховсдуулчихсан юм шиг байгаад байна. Бас нэг асуудал нь засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асууж, сонгож, шийдээгүй байж, өөрсдөө шийдэх гэж байгаа юм шиг яриад байгаа нь дахиад олон түмний дунд будлиан үүсгээд байна шүү дээ.
 
–Та Үндсэн хуулийн хуралдай гэсэн томъёолол хэлсэн. Түүнийгээ тодруулна  уу?
 
-Ард түмэн өөрсдийн хувь заяаг шийдэх гэж байгаа учраас асуудлыг маш сайн эрэмбэлж, дэс дараатайгаар явах ёстой юм байна лээ. Хийх алхмуудын тухайд, дахиад хэлэхэд,  1992 оны Үндсэн хууль болохгүй байна, дараа нь ямар учраас болохгүй байна вэ, өөрөөр хэлбэл тодорхой засвараар сайхан болчих юм уу, шинэчлэх үү гэдэг асуудал байна. Ингээд явсаар шинэ Үндсэн хуультай боллоо гэж бодъё. Түүний дараа  да­раагийн асуудал гарч ирнэ шүү дээ. Тэр үед ард түмнээсээ асуугаад парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглалаа шийднэ. Хамгийн сүүлд ард түмнээс санал асуугаад засаглалын хэлбэрээ  сонгоод хуульчлах асуудал нь дахиад УИХ-ын мэдэлд үлдчихээд байгаа нь, дахиад 1992 оны Үндсэн хуулийн гай юм. Засаглалын хэлбэрээ ард түмнээс асуух  сонгууль  дөрвөн жилд нэг удаа болох юм уу, нийт ард түмний төлөөлөл хэдхэн хувийн саналаар гарч ирэх ёстой вэ гэхчлэн тэдний хийхгүй байж мэдэх асуудал бас байна. Иймд тэр нь хамгийн сүүлийн шатны шинэ Үндсэн хуультай болох ёстой гэдэгт ард түмний олонх нь шийдсэн нөхцөлд хуулиа боловсруулж, хэлэлцэж, батлах Үндсэн хуулийн хуралдайг сонгох  Сонгуулийн хуулийг батлаад тарах нь УИХ-ын өөрийнх нь түүхэн үүрэг юм. Ард түмэн тэнэг биш, хуулиа зөв тайлбарлаж хүмүүс нь эргээд гуравхан сарын хугацаатай Үндсэн хуулийн хуралдай руу ороод ирнэ. Миний яриад байгаа хувилбар бол ердөө л та нар ард түмнээсээ асуучих, ард түмэн аль нэг хувилбарыг төгс шийдэг, түүний дараа тэрхүү сонгодог хувилбарын  дагуу  гурван сая монголчуудаас 10 мянган хүнийг төлөөлж нэг хүн гэхээр  200 гаруй хүн гарч ирээд хэлэлцээд шийднэ.
Өнгөрсөн хугацаанд монголчууд Үндсэн хуулийн тухай маш их мэдлэгтэй болсон. Нийгмийн зүтгэлтэн, эрхзүйчид, эх орончидтой боллоо. Тэр 200 хүн дунд одоо байгаа 76 гишүүнээс 50 нь ороод л ирнэ. Яадгаа алдчихсан муу хүн бас ч гэж цөөн шүү дээ. Харин тэр хүмүүст хэлэхэд, та нар 2016 онд М.Энхболд даргатай МАН-ын тугийг намируулан мөрийн хөтөлбөр гэх залилангийн том баримтаар сонгогдсон бол  одоо тэрийгээ хаяад Үндсэн хууль батлаач гэмээр байна.  Ард түмэн тэднийг Үндсэн хууль батал гэж сонгоогүй шүү дээ. Тэгэхээр засаглалын хэлбэрээ ч, хэн батлах вэ гэдгээ ч ард түмнээсээ асуучих ёстой юм. Өнөөдөр харийн захиалгатай, Монголыг эзэнгүй байлгах юмыг хийгээд байгаа  мунхарсан юм уу, санаатай ч юм уу, санаагүй ч юм уу, ямар эрх ашгаар нэгдсэн ч юм бэ нэг бүлэглэл байгаад байна шүү дээ. Тэр бүлэглэл ард түмнээсээ асуугаад аль нэг засаглалын хэлбэрийг сонгосон байхад, дахиад мөнгө санхүүгийн эрх мэдлийг авах, сонгуулийг намар болгох, жилийг нь дөрөв  биш тав болгох гэх мэт хүмүүсийн ухамсарт нөлөөлж самууруулж байдаг албаар хийж өгсөн юмнуудыг мэдэхгүй, яг тэр хэвээр үлдээчих байхгүй юу. Иймээс Үндсэн хуулийн хуралдай гэж яриад байгаа юм.
 
–Одоогийн УИХ-ын гишүүд бол бүрэн эрх гэдэг хуяг дуулгатай. Тэгвэл Үндсэн хуулийн хуралдайн гишүүд ямар байх юм бэ?
 
-Тэдэнд тийм дархлаа байхгүй. Асуудал гарахад ердийн хуулиар шийдүүлээд явна. Одоогийн УИХ-ын гишүүд шиг мөнгө, санхүүтэй харилцахгүй. МАНАН тогтолцооны сонгуулиар биш ард түмэн дундаас гаргаж ирэх юм шүү дээ, тэр хүмүүсийг. Тэд гарч ирээд нэг удаа түүхэн үүргээ биелүүлж, Үндсэн хуулиа баталчихаад тараад явна. Би үүнийг баттай хэлнэ, Монголд өнөөдөр Д.Лүндээжанцангаас мянга дахин ухаантай, илүү сэтгэлтэй, илүү язгууртай, удамтай бол удамтай, чадвартай бол чадвартай, Модунь хаанаас эхлээд хэрэгжиж байсан төрийн үндэс, Чингис хааны ахуй төрийн зүйлүүдийг мэддэг хүн өчнөөн бий.
Д. Лүндээжанцан бол яс юман дээр музейн үзмэр болгож тавимаар болсон оюун санааны хувьд хөшөөд хөлдчихсөн, өөрөө тэрийгээ мэдэхгүй биеэ их юманд бодоод яваа ийм л хүн. Би л өөрчлөхгүй бол өөр хүн  чадахгүй гэж яриад байгаа тэр хүн өөрөө хэн бэ гэдгээ  толинд хараасай.Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж дарвиж буй нөхдүүд дунд хуулиа уншсан хүн байхгүй. Д.Лүндээжанцан чи уншсан юм  бол боллоо гэж  хэчнээн  хүн сохроор  дагана, түүгээрээ аюултай.
Үндсэн хуулиа өөрсдөө боловсруулъя, баталъя гэвээс 10 мянган монгол  хүн дундаас нэг хүн гарна шүү, гурван сая монголчууд дотроос. Түүхэн хариуцлагатай үйл явдалд хэдэн хүн бус нийт ард түмэн шийдвэр­лэх эрхтэй оролцох ёстой юм. Ард түмэн эрх, үүргийнхээ дагуу ямар нэг шинэ төр байгуулах бол өөрсдөө л шинээр сонгож гаргаж ирж батлуулна. Тэр дагуу төрийн сонгуулиа явуулдаг. Ийм жишгийг тогтоож чадвал Монгол дэлхийд жишиг болно, буян ч болно. Америкийн мэхэнд орж ядарч яваа Ази, Африкийн маш олон улс бидэнд баярлана. Манайх загвар болно гэсэн үг.
 
–Санал асуулгын тухай сүү­­лийн үед их ярьж байна. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бүх ний­тийн санал асуулгад хязгаар тавьсан байдаг са­наг­дана, найман жил гээд?
 
– Нэг удаа санал асуулга явуулсан бол дахиж найман жил  санал асуулга  явуулахгүй гэж заасан бий. Ард түмэн хэзээ байтлаа өөрсдийн тавиланг шийдэх асуудлыг жил, сараар хориулдаг байлаа. Тийм нөхцөл үүссэн бол санал асуулга зарлах нь ард түмний үндсэн  эрх. Гэтэл тэр эрхийг хязгаарласан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  журмын тухай хууль  зөрчилтэй. Үндсэн хууль зөрчсөн ийм  хууль байж таарахгүй. Тэр нөхдүүд нэг удаа санал асуулга маягийн юм хийчихээд найман жил явуулах эрхгүй шүү дээ гээд сонгууль луйварддаг шигээ  суух гээд ийм зүйлийг зориуд зүтгүүлээд байгаа хэрэг. Тиймээс тэднээр ийм зүйл хийлгэж яавч бо­лохгүй. Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага ч гэсэн заавал иргэний гомдлоор биш, өөрсдөө нийгмийн зүтгэлтнүүд, шил­дэг хуульчид суучи­хаад Үндсэн хууль зөрчсөн ямар асуудлууд байгааг тасдаж авчирч шийд­дэг байх ёстой. Ийм тогтолцоог зориуд хийхгүй 20 гаруй жил явсны гай өнөөдөр нүүрлэж байгаа  шүү дээ.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин