sonin.mn
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭТГЭЛ ДӨРӨВ: ТӨР, ЗАХИРГААНЫ ИНСТИТУЦИЙН ХЯМРАЛ
 
Монгол Улсын Үндсэн Хуулийн шинэтгэл өгүүллийн 
нэгдүгээр хэсгийг http://www.sonin.mn/news/politics-economy/95976
хоёрдугаар хэсгийг. http:// http://www.sonin.mn/news/politics-economy/96186
гуравдугаар хэсгийг http://www.sonin.mn/news/politics-economy/96445 эндээс уншина уу.
 
Ертөнцөд байгаль-нийгмийн гэсэн хоёр хууль байх бөгөөд нийгмийн хууль нь хэдий чинээ тухайн харилцаанд оролцогчдын суурь мөн чанарт үндэслэсэн бол төдий чинээ үр ашигтай нийгмийн харилцааг зохицуулдаг байна.
Байгалийн  хувьслын хуулиар амьтны зүйл хоорондын ширүүн өрсөлдөөнд хамгийн орчиндоо "зохицох чадвартай" буюу бусдаасаа ялгарах "давуу талтай"  төрөл зүйл тэсэж үлддэг ажээ.
Тэгвэл нийгмийн харилцаанд бол хамгийн бүтээмжтэй хүн, бүлэг, төр-улс өрсөлдөөнд шалгарч, хөгжлийг түүчээлдэг түгээмэл хууль үйлчилж байна.
Иймд хувь хүн, аж ахуйн  нэгж, төр аль нь ч ялгаагүй өндөр бүтээмжтэй байхын тулд бусдаас "ялгарах давуу тал"-тай байх ёстой. Энэхүү бусдаас ялгарах давуу тал буюу бүтээмжийг  бүхэлд нь дэлхий нийтээр "өрсөлдөх давуу тал", "өрсөлдөх чадвар" хэмээх ойлголтоор харьцуулж хэмждэг.
Улс орнуудын өрсөлдөх чадварыг судалдаг Дэлхийн эдийн засгийн форум байгууллага  1979 оноос хойш  Өрсөлдөх Чадварын Тайлан гаргаж эхэлсэн байна. 
Монгол улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын зэрэглэлээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон бөгөөд өнгөрсөн 12 жилийн тайлангаас харвал манай улс авбал зохих 7 онооноос 3,2 - 3,9 авч, судалгаанд хамрагдсан 140 гаруй орноос 92 – 117 дугаар байруудад эрэмбэлэгдэж иржээ.
 
 Зураг 1:Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэл ба оноо 
 
 
Дээрх өрсөлдөх чадварын тайланг гаргахдаа улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлох   Институциүд (1), Дэд бүтэц (2),  Макро эдийн засгийн орчин (3), Эрүүл мэнд, суурь боловсрол (4), Дээд боловсрол,  мэргэжлийн сургалт (5), Бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үр ашиг (6), Хөдөлмөрийн зах зээлийн үр ашиг (7), Санхүүгийн зах зээлийн хөгжил (8), Технологийн бэлэн байдал (9),  Зах зээлийн хэмжээ (10), Бизнесийн боловсронгуй байдал (11), Инноваци (12) гэсэн арван хоёр  тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг.
Дээрх 12 тулгуур үзүүлэлтээр тухайн орны хөдөлмөр, капитал, байгалийн нөөцийн  нэгж тутмаас үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнээр бүтээмжийг хэмжин,  өрсөлдөх чадварын түвшнийг тогтоодог.
Иймээс улс орнуудын өрсөлдөх чадварын түвшнийг тогтоохдоо нэг хүнд ногдох ДНБ-ийг харьцуулан  хөгжлийн хэд хэдэн шатад хуваадаг байна.
ДНБ болон 12 тулгуур үзүүлэлтийн ач холбогдлыг харьцуулан үнэлж дэлхийн  өрсөлдөх чадварын индексээр улс орнуудыг Заяагдмал баялагт (1) ,Үр ашигт (2), Шинэ санаачилга-Инновацид (3) тулгуурласан эдийн засагтай орнууд гэж ангилдаг. 
Өөрөөр хэлбэл, улс орны ДНБ-д эзлэх заяагдмал нөөцийн хувь их байна уу, эсвэл үйлдвэрлэлийн салбарынх уу, бүр эсрэгээрээ инновацид тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээний хувь хэмжээ зонхилж байна уу гэдэг харилцан адилгүй ажээ.
Тухайлбал, АНУ дахь бүтээмжийг юу хөтөлж байна вэ буюу гол орлогоо ямар салбараас олж байна вэ гэдэг нь Хятад болон Монгол улсын бүтээмжийг  хөтөлж байгаа хүчин зүйлс  өөр өөр  юм. 
 
Хүснэгт 1:Аливаа орны хөгжлийн тодорхой үе шатанд хамгийн чухал хүчин зүйлсийн хувийн жин. 
 
 
Улс орны өрсөлдөх чадварыг хэмжих дээрх 12 хүчин зүйлсийн харьцангуй ач холбогдол нь тухайн улс орны хөгжлийн үе шат, түвшнээс хамааран үндэсний өрсөлдөх чадварт өөр өөр ач холбогдолтой байна. 
Шинэ санаачилгад тулгуурлан хөгжих үе шатад "бизнесийн боловсронгуй байдал, инноваци"-ийн хүчин зүйлийн ач холбогдол  30% байхад  заяагдмал нөөцөд тулгуурлан хөгжих үе шатад 10% хувиас ихгүй байна.
Гэтэл шинэ санаачилгад тулгуурлан хөгжих үе шатад суурь хүчин зүйлсийн (институцийн) ач холбогдол  30%-иас ихгүй байхад  заяагдмал нөөцөд тулгуурлан хөгжих үе шатад  50% хувиас дээш байна.
Тэгэхээр заяагдмал нөөцөд тулгуурласан орнуудын хамгийн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудал бол институцийн чадавх гэдэг нь илэрхий аж.
АНУ-ын Техасын их сургуулийн профессор Жералд В.Скулли улс төрийн институц, эдийн засаг хоорондын харилцан хамаарлыг 20 гаруй жил судлаад  улс төр-захиргааны институцид нь хууль дээдлэх ёс тогтсон, хувийн өмчийн эрхийн баталгаа хангагдсан, чөлөөт зах зээлийг дэмждэг бол эдгээр эрхүүдийг хязгаарласан, хориглосон орнуудын  эдийн засгийн өсөлтөөс гурав дахин хурдтай (2.73 to 0.91 percent annually), хоёр дахин үр ашигтай байна гэсэн дүгнэлтийг 1982 онд хийж байжээ. 
 
Хүснэгт 2: Ж. В.Скулли улс төрийн институц, эдийн засаг хоорондын хамаарал
 
 
Заяагдмал нөөцөд тулгуурлан хөгжиж байгаа орнуудын институцийн чадавхыг сайжруулах олон улсын тусламж, хөтөлбөр цөөнгүй хэрэгждэг ч үр дүн тааруу нийтлэг дүр төрхтэй байдаг. Учир нь эдгээр орны улс төр, эдийн засаг, нийгмийн байгуулал "Баялагийн хараал"-д өртөж, чөтгөрийн тойрогт орсонтой холбоотой юм.
Байгалийн нөөц баялагтай байх нэг талаас давуу тал боловч нөгөө талаас төрийн институцийн хөгжил сул бол сайнаасаа саар үр дагавар нь илүү гардаг ажээ.
Байгалийн баялгаас олсон өндөр орлогыг даган зөвхөн тухайн салбарт санхүүгийн нөөцийг төвлөрүүлснээс ганц салбар шүтсэн эдийн засгийн бүтэц давамгайлж, дэлхийн зах зээл дэх баялгийн үнийн өсөлт, бууралтаас тухайн орны хөгжлийн хурд хамаарч, уналтаас уналтын хооронд савласан, гадаад орчны нөлөөнд мэдрэг, эмзэг, тогтворгүй төлөвт шилждэг байна. 
Байгалийн нөөц олборлох салбарын цалингийн өндөр түвшин бусад салбаруудаас ажиллах хүчний урсгалыг үлэмж хэмжээгээр татдаг байна. Үүнээс үүдэн бусад салбарууд хүний нөөцийн хомсдолд орж, тухайн салбаруудын өрсөлдөх чадвар буурч,  эдийн засгийг төрөлжүүлэх бодлого-хөтөлбөр царцанги байдалд шилждэг ажээ.
Эцэстээ байгалын нөөцийг эзэмших эрхийн төлөө өрсөлдөөн  нам, бүлгээр дамжин  улс төрийн эрх мэдлийг авах тэмцлийн хэлбэрт шилжиж, иргэний дайн гарсан тохиолдол олон байдаг.
Оксфордын их сургуулийн профессор Пол Кольерын судалгаагаар "байгалийн нөөцөд түшиглэдэг орнуудад иргэний дайн гарах магадлал 23 хувьтай байхад байгалийн нөөцөө олборлож ашигладаггүй орнуудад дөнгөж 0.5 хувьтай байдаг" байна.
Улс төр, төр захиргааны институц бэхжээгүй буурай орнуудын төр, засаг нь хувь хүн, бүлгээс үлэмж хамааралтай байдаг бөгөөд ийм институцийн сул талыг ашиглан  зэрэгцээ албан бус (Авлигын) тогтолцоо үүсдэг ажээ.
Энэхүү албан бус тогтолцоо нь клиентелизм зарчмаар ажилладаг бөгөөд улс төрийн хувьд дээгүүр түвшний нэг этгээд нь ивээн тэтгэгч (патрон) болж,  харин доогуур түвшнийх нь  дэмжигч (клиент) гэсэн харилцан бие биеийнхээ өмнө үүрэг хүлээж, эрх эдэлдэг олон төрөл хэлбэртэй далд харилцаа юм. 
Клиентелизм  (Авлигын тогтолцоо) бол нийтийн эрх ашгаас дээгүүр хувийн эрх ашгийг эрэмбэлж, улс төр, эдийн засаг, нийгмийн эрхийг шударгаар, тэгш, бүх нийтээр эдлэх боломжийг хязгаарлаж зөвхөн  ард түмний саналыг худалдан авч төрийн эрхэнд гарсан хүн, бүлэглэлийн (намын) өмнө тодорхой үүрэг хүлээж эсвэл  үнэ өртөг, рент-түрээс төлсөн нөхцөлд  сүлжээний (пирамидын) гишүүн болдог далд хууль бус тогтолцоо билээ.
 
Зураг 2: Авлигын тогтолцоо  
 
 
Авлигын хор уршиг нийгэмд хэрхэн илэрдэг вэ гэвэл аливаа улсын худалдаа, эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг уналтад оруулж, хууль дээдлэх ёс, ардчиллын хөгжлийг царцааж, “албан ёсны” институцийг устгадаг байна.
Олон улсад институцийн сул, чадавхгүй байдал нь дээрх нийтлэг дүр төрхтэй бөгөөд эдгээр орнуудаас төлөөлөл болгон Монгол улсын туулсан зам, тулгарсан асуудлуудыг товчхон өгүүлье.
Монгол улс бол 1990 он хүртэл нэг намын удирдлага дор 70 жил социалист тогтолцоонд хөгжиж ирсэн ба социалист систем задран унах түүхэн үйл явцтай давхцан өрнөсөн  ардчиллын гурав дахь давалгааны хаялгаар ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн орнуудын нэг юм.
Дэлхий дахинд 20 дугаар зуунд ардчиллын 3-н давалгаа өрнөсөн шиг Монгол улсад зах зээлийн эдийн засагт шилжих өмч хувьчлалын гурван давалгаа өрнөв.
Эхний хоёр нь 90-ээд оны эхэнд болон төгсгөлд нийгмийн өмчийг хувьчилсан үйл явдал байсан бол  сүүлийнх нь 2000 оноос эхэлсэн бөгөөд энэ удаа хувьчлалын объект нь төр, түүний институц байсан тул монголчууд нийгмийн бүх хүрээнд “хэт” нээлттэй анархи  туйлшралын  хохирогч болж иржээ.
Энэхүү төр-захиргааг хувьчлах үйл явц олон хэлбэрээр үргэлжилсэн бөгөөд  дараах төрлүүд нэн түгээмэл байлаа.
Албан тушаал түрээслэх (Patronage),  Өөрийн хариуцаж буй төсөв, улсын хөрөнгийг шамшигдуулах, (Kleptocracy)  Тендер, газар, ашигт малтмалын лицензийн эрхийг зарах-арилжаалах (Clientelism),  Төв, орон нутгийн түвшинд улс төрийн нам, төрийн бус холбоод, бүр цаашлаад хууль-хяналтын байгууллагуудад төлөөллөө тархаан байршуулах зэргээр төрийг булаан эзлэх  (state capture) арга замаар албан бус тогтолцоо  үүсжээ.
Нэгэнт тухайн нийгэмд авлигын засаглал тогтсон бол төрийн тогтолцоонд хүний нөөцийн чадавхгүй байдал (kakistocracy) нүүрлэж, бүтээмжийг бууруулдаг байна.
Төр, захиргааны албан тушаалыг худалдан авах замаар хамгийн муу засаглал (kakistocracy) тогтсон нийгэмд оюуны дүрвэлт (brain-drain), ажиллах хүчний дүрвэлтийн давалгаа, гадагшаа урсгал эхэлнэ. Сөрөг үр дагавар нь төрийн хүний нөөцийн, ой санамжийн буюу бодлогын хямралаас шалтгаантай эдийн засгийн хямралаар ард түмний амьдралд тусдаг байна.
Эцэстээ хөгжил гэдэг бол хүний хөгжил байдаг тул ард иргэд авлигын тогтолцоо дарангуйлсан орноос дүрвэж, ардчиллын үнэт зүйлс буюу эрх,эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс тогтсон улс орныг зорьдог байна. 
Товчоор хэлбэл, улс орны хөгжил тухайн орны бүтээмжээс хамааралтай бол бүтээмж нь хүний хөгжлөөс шууд хамааралтай шүтэлцээнд оршдог бөгөөд хүний хөгжил сул бол бүтээмж муу, бүтээмж тааруу бол тухайн улсын институцийн чадавх сул гэсэн чөтгөрийн тойрогт ордог ажээ.
Асуудлыг илүү тодорхой харахын тулд клиентелизмийн  (Авлигын тогтолцоо) засаглал ноёрхож буй орны институцийн гажуудлыг хууль дээдлэх ёс тогтсон улс орнуудын төр-захиргааны институцийн давуу талтай харьцуулж үзье.
 
Хүснэгт 3: Улс төр, төр захиргааны тогтолцооны харьцуулалт 
 
 
Улс төр, төр захиргааны институц бэхэжсэн орны давуу тал бол нийгмийн гишүүд хэн байхаас үл хамааран нийтээр хууль дээдлэх ёсны дор амьдардаг байхад институц сул бэхэжсэн улсуудад хуулиас, нийтийн эрх ашгаас дээгүүр хувийн эрх ашиг эрэмбэлдэг байна.
 
Хүснэгт 4 : Төрийн захиргааны тогтолцооны харьцуулалт
 
 
Авлига, ардчилал хоёр зэрэг орших боломжгүй бөгөөд авлига буурахад ардчиллын үнэт зүйлс болох эрх,эрх чөлөө, тэгш бадал, шударга ёс бодиттой орших нөхцөл бүрддэг бол, эсрэгээрээ авлига ихсэн тохиолдолд ардчиллын үнэт зүйлс хоосон тунхаг болж хувирдаг байна.
Монгол улсын эрх чөлөөний индекс "Фрийдом хаус"-ын судалгаагаар эрх чөлөөт ангиллаас 2017 онд хагас эрх чөлөөтэй ангилалд шилжсэн нь "Транспэрэнси Интернэшнл" байгууллагын авлигын судалгаагаар 2016 онд 87 дугаар байраас 2018 онд  103 дугаар байр уруу  хойш ухарсан байдал нь авлига-эрх чөлөөний харилцан хамаарлыг тодорхой харуулж байна.
 
Монгол улсын төрийн эрхийг төлөөллийн ардчиллын хэлбэрээр улс төрийн намууд барьж байгаа энэ нөхцөлд улс төрийн нам нь өөрөө клиентелизмийн  (Авлигын тогтолцооны) үүр уурхай, үндэс эх сурвалж болж хувирчээ.
 
 
Иймээс улс төр, эдийн засгийн хямралаас гарах гарцыг  улс төрийн намын шинэчлэлээс хайх нь мухардмал арга зүй бөгөөд улс төрийн намын шинэчлэл бол эхэнд биш, Үндсэн хуулийн шинэтгэлийн дараа хийх ёстой дагавар, хавсарга шинжтэй өөрчлөлт юм
Тиймээс авилгаас ангид улс төр, төр захиргааны тогтолцоо бүтээхийн тулд Францын сэтгэгч Ш.Л. Монтескьюгийн төрийн эрх мэдлийг хуваарилах онолын "эрх мэдлийг эрх мэдэл л хязгаарладаг" гэсэн зарчмыг дахин бүтээлчээр ашиглах цаг болсон байна.
Ш.Л. Монтескьюгийн  эрх мэдлийг хуваарилах санаа бол товчоор хэлбэл “Хаана эрх мэдэл төвлөрч байна тэнд хүний эрх зөрчигдөж байдаг, тиймээс хүний эрхийг хамгаалахын тулд эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, дахин хуваарилах ёстой” гэсэн томьёолол юм.
Судалгааны явцад ихэнх амжилттай хөгжиж байгаа парламентын засаглалтай орнууд эрх мэдэл хуваарилах "хяналт-тэнцвэр"-ийн зарчмыг бүрэн биш, заримдаг  ашигладаг өвөрмөц талаа институцийн функциональ  чиг-үүргүүдийг системийн зорилгод нэгтгэсэн зарчмаар орлуулж, нөхөн зохицуулж байна.
Функциональ  чиг-үүргийн зарчим нь эртний грекийн гүн ухаантан Аристотелийн  "Полити" засаглалын загвараас үүсэлтэй бөгөөд орчин үеийн судлаачид "Холимог дэглэм" гэж нэрлэдэг.
Түүхэн хөгжлийн явцад "Холимог дэглэм"-ийн гурван шинж нь улс төрийн шийдвэр гаргах процесст ард түмний оролцоог хангах, мэргэн шийдвэр гаргах, тогтвортой цомхон-чадварлаг бүтцээр гүйцэтгэх гэсэн гурван чиг-үүрэг болж шинэчлэгдсэн тухай өмнө бид үзсэн.  
Төрийн тогтолцоо нь зорилго бүхий бие даасан системийн хувьд дээрх Аристотелийн "Холимог дэглэм"-ийн гурван чиг-үүргийг хариуцан гүйцэтгэх бүтэцтэй байж хэмээн өмнөө тавьсан “Хөтөлбөр”-өө биелүүлдэг байна.
Илүү ойлгомжтой тайлбарлах үүднээс "холимог дэглэм"-ийн гурван чиг-үүргийг улс төрийн системийн бүдүүвчийн үе шат бүрд байршуулж үзье.
 
Зураг 3: Улс төрийн системийн бүдүүвч
 
 
Улс төрийн систем нь Оролт - Боловсруулалт - Гаралт - Эргэх Холбоо  гэсэн дөрвөн орчилтой байдаг. Оролт нь олон түмний "шаардлага, дэмжлэг"-ээс бүрдэнэ.
Энэхүү Шаардлага, Дэмжлэгээр буцаж ирж буй ЭРГЭХ ХОЛБОО улс төрийн системээс гарсан шийдвэр зөв, буруу болохыг илэрхийлдэг.
Тэгэхээр улс төрийн системээс гарсан шийдвэрийн зөв, буруу болон систем өөрөө цаашид   оршин тогтнох эсэх нь "Оролт"-ын шатад дахь олон нийтийн оролцоо (ардчилал),  "Боловсруулалт"-ын шатны хяналт-критери (улс төр, хуулийн хяналт), "Гаралт"-ын шатны тогтвортой гүйцэтгэл (цомхон-чадварлаг) гэсэн хүчин зүйлсээс хамаарна.
Хүний эрх, эрх чөлөөний баталгааг бүх талаар хангасан, хүн төрөлхтний хөгжил-дэвшлийн тэргүүн эгнээг хошуучлагч парламентын засаглалтай улс орнуудын улс төрийн тогтолцоо нь  системийн Оролтын үе шатад нийгмийн сонирхлын бүлгээс аль болох олон төлөөллийн оролцоог хангах, Боловсруулалтын үе шатад системийн зорилгоор шалгуур (критери) тавьж, Оролтоос ирсэн мэдээллийг  шүүн, аль болох рациональ шийдвэр гаргах, Гаралтын үе шатад шийдвэрийг шуурхай-чанартай гүйцэтгэх тогтвортой тогтолцоо бүтээх замаар амжилттай ажилладаг байна.
Иймээс улс төрийн намд төвлөрсөн эрх  мэдлийг "чиг-үүргийн зарчмаар" задалсан цагт л авлигын тогтолцоо задран унах зүй тогтолтой ажээ.
Энэхүү “Үндсэн хуулийн шинэтгэл” өгүүллийн 4 дүгээр хэсгийг өндөрлөж, үзэг амраах гэсэн боловч цаг үеийн байдлыг харгалзан нэмэлт тайлбар оруулах хэрэгцээ үүслээ.
Учир нь нэг талаас  2018 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ гишүүн Д. Лүндээжанцан ахалсан ажлын хэсгийн боловсруулсан Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл багтсан, нөгөө талаас намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга “Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн ул төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ” хэмээн цохон тэмдэглээд, тогтолцооны реформ - эрс шинэчлэл хийхийг уриалсан билээ.
Иймээс нийгэмд Үндсэн хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалын талаар ойлголт харилцан адилгүй, талцах хуваагдах үзэгдэл  зохих түвшнээс хэтэрч байгаа тул энэхүү цуврал өгүүллээр дэвшүүлж буй шинэтгэлийн үзэл санаа, зарчмыг тодруулах зорилгоор улс төрийн спектрийн зураг дээр чиг хандлагуудыг байршуулж тодорхой харуулъя.
 
 
 
 
 
Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл нь улс төрийн намд төвлөрсөн төрийн эрх мэдлийг задлах, дахин хуваарилах агуулга, үзэл баримтлалгүй бөгөөд хийвэл зохих шинэтгэлийн дөрөвний нэг хувь нь багтсан төсөл юм.
 
Эсрэгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн реформ-эрс шинэчлэлийн уриа нь улс төрийн намд төвлөрсөн төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлэх агуулга бүхий нь ЕТГ-н даргын байр сууринаас тодорхой байна.
 
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн шинэттэл нь өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд "дасан зохицох" чадвартай, бүтээмжийн зарчмаар чиг-үүрэг хуваарилагдсан тэнцвэртэй институц бүхий, хууль дээдлэх ёс тогтоох чадамжтай төрийн байгууллыг бүтээх үйлс юм.   
Төрийн байгууламжийн функциональ чиг-үүргийг зүй зохистой хуваарилсан, хууль дээдлэх ёс тогтсон улс орнуудын төрийн байгууллын тэргүүн туршлагын тухай дараагийн хэсэгт бичье.
 
Б.Өлзийбаяр