sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг Шинэ Зеландын парламентын дарга Тревор Маллард уриалсан бөгөөд ням гарагт телевизийн “NHK” сувагт өгсөн ярилцлагын үеэрээ энэ тухай тэмдэглэсэн байна.
Шинэ Зеландын хууль тогтоогчдын 40 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэднийг парламентын хуралдааны үеэр нялх хүүхдээ авчрахыг зөвшөөрдөг аж. Т.Маллард эмэгтэй гишүүнийг үг хэлж байх үеэр нэг удаа хүүхдийг нь харж өгч байжээ.
Мөн тэрбээр албаа хаших хугацаандаа жирэмсний амралт авсан дэлхийн анхны ерөнхий сайд болсон тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардернын талаар онцлон тэмдэглэсэн байна.
Шинэ Зеландын парламентын даргын хэлснээр, "Цаг үе өөрчлөгдөж байна, ерөнхий сайд болон бусад өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн нь манай улсын нийгэмд өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан" гэжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг