sonin.mn
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай цаг  үеийн асуудлаар ярилцлаа.
 
–Тантай холбоотой хэргийг хуулийн байгууллага шалгаж, шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.  Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Энэ бол ямар нэгэн хэргийн тухай асуудал огт биш л дээ.  МАХН-ын удирдлагууд руу дайрсан ээлжит дайралт гэж ойлгож болно. “Тэмээн поло” тэмцээнийг зохион байгуулах үеэр Ц.Оюунбаатар мөнгө завшсан гэсэн асуудал яриад байгаа.
Өнөөдөртөө  намайг ямар нэгэн асуудлаар шүүхэд шилжүүлсэн зүйл огт алга. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр надад эрүүгийн хэрэг үүсгэж, зохион байгуулалттайгаар буруутгах ажил эхэлсэн байдаг.  Энэ нь 2016 онд болсон  гурван жил  тутамд зохион байгуулагддаг “Тэмээн поло”-гийн  улсын аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой. Тухайн үед тэмцээнийг ЭМСЯ-наас зохион байгуулж байлаа.  Эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан тул улсаас ямар нэгэн зардал гаргаагүй.   “Тэмээн поло”-гийн холбооныхон  энд тэндээс зээл авч, тэмцээн зохион байгуулсан, харин сүүлд нь тэр мөнгийг улсаас буцааж төлсөн байдаг.  Энэ шийдвэрийг ЭМС-ын  сайдаар ажиллаж байсан С.Ламбаа  гаргаж байлаа.  Ийм л процесс болоод өнгөрсөн юм.
 
–Тэгээд таныг ямар үндэслэлээр буруутгаад байгаа юм бэ?
 
-Энэ тушаалыг ЭМС-ын сайд нь гаргаад санхүүжилт нь яг  очих ёстой эзэндээ хүрээд асуудал шийдэгдсэн.  Энэ асуудлаар холбооны залуус хуулийн байгууллагыг шалгаад өгөөч гэж хэлсэн.  Зохион байгуулсан залуус маань банкны хуулга, тэмцээний мөнгөний зарцуулалт зэрэг баримтаа бариад гүйдэг.  АТГ дээр очдог, хүлээж авдаггүй, шалгадаггүй.  Тэр үед Улсын аварга шалгаруулах тэмцээн, холбооны 15 жилийн ойтой давхацсан. Баримтат кино, цом захиалж хийлгэсэн байдаг.  Зөвхөн тэмээн пологийн цохиур гэхэд 80-90 ам.долларын үнэтэй байна. Мөн тусгай тоног, хэрэгсэлтэй байдаг.   Энэ асуудалд Ц.Оюунбаатар гэдэг хүний  оролцоо огт байгаагүй. Би энэ мөнгийг гаргахад, шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй.  Миний гарын үсэгтэй нэг ч бичиг,  цаас  байдаггүй.  С.Ламбаа сайд өөрөө тушаалаа гаргаад Биеийн тамир спортын газар нь зарцуулсан.  Бүх хүний  нүдэн дээр ил тод болсон үйл явдал.  Энэ бүх  процессыг харахад улс төрийн захиалгатай, зохиомол хэрэг  л яваад байгаа юм.   Өнөөдөр ЖДҮХС-гийн луйвар, АСЕМ-тай холбоотой мэдээллүүдтэй зэрэгцэн ийм дайралт явуулж байна.
 
-“Тэмээн поло” тэмцээ­ний зардал хэд болсон юм бэ?
 
-150 сая төгрөгийн зардал гарсан юм билээ.   Өнөөдөр морин уралдаан ч юм уу бусад найр  наадамд хэдэн тэрбумаар нь зарцуулж байна.  Гэтэл тухайн үед энэ мөнгө яг тэмээчиддээ, тэмцээндээ зарцуулагдсан байдаг.   Би Өмнөговь аймгийн хүн учраас тэмцээн дээр очиж шагнал гардуулсан төдий.   Тэгэхээр энэ асуудлаар улс төр хийж, хүн хэлмэгдүүлэх гэж байгаа бол МАНАН-гийн луйварчдад битгий горьд гэж хэлмээр байна. ЖДҮХС-гаас насаараа би зээл авч үзээгүй, ямар нэгэн тендерт хэзээ ч оролцож байгаагүй.  Надад эдийн засаг, бизнесийн сонирхол байдаггүй.  Материаллаг зүйл дээр амьдрал тогтдоггүй гэдэгт итгэж, үнэмшиж явдаг хүн.  Монголын төрд 30 гаруй жил зүтгэхдээ цалингаас өөр зүйлээс ашиг хонжоо харж яваагүй.   Үүнтэй холбоотой ямар нэгэн байдлаар шүүх хурал болбол би өмгөөлөгчгүй оролцоод мэтгэлцэхэд бэлэн байна.  Ер нь манай намын удирдлагуудыг буруутгах, зохиомол хэрэгт унагах асуудал нэлээд гардаг. З.Баянсэлэнгийн хувьд ч ийм зүйл болсон.  Тэр хүн тухайн үеийн Засгийн газрын шийдвэрийг дагасныхаа төлөө өнөөдөр шалгагдаад явж байна.
 
–Та Шадар сайдаар ажиллаж байсан.  Засгийн газрын харъяанд байдаг ЖДҮХС-гийн талаар яригдаж байна.  Танай  Засгийн үед яаж шийдэгдэж байсан юм бэ?
 
-Сан, тендертэй холбоотой асуудалд Шадар сайдын хүрээнд хэзээ ч  оролцож байсангүй.  Ер нь миний нэг зарчим байдаг.  Улстөрч хүн аливаа бизнесийн хүрээнээс хол байх учиртай гэж боддог.  Сангаас гадна одоо АСЕМ-ын талаар ярьж байна.  Тухайн үед асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй шийдээд явсан байдаг.  Ер нь энэ бүхнийг харахад МАНАН-гийн эрх баригчид сангийн болон зарим үйл ажиллагаагаар асар их мөнгө угааж ирсэн юм байна.
 
–МАХН-аас УИХ-д шаардлага хүргүүлсэн.  Ер нь улс төрийн нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?
 
-Улс төр, нийгмийн байдал хурцадмал байна. Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгийг, Улсын төсвийг өөрийн хамаарал бүхий тойрог компаниудад тавьж, 8-56 тэрбум төгрөг хуваарилж байна.  ЖДҮХС-гийн 50 гаруй тэрбум төгрөгийг эрх баригч намынхан хулгайлсан хэрэг гарлаа. Энэ асуудлаар МАХН-аас УИХ-д шаардлага хүргүүлсэн.  Өнөөгийн УИХ ядуу  ардын сонгох эрхийг худалдан авах, өр зээлийг хаах, Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гээд саар бүхнийг хийлээ.  Тэнд үнэн юм гэж алга.  Одоо  улстөрчид мухардалд орж эхэлж байна.   УИХ нь Төсвийн мөнгийг хуваан завшдаг гэмт хэргийн бүлэглэлийн оршин тогтнодог ийм газар болж хувирсан байна.  Тиймээс манай намаас УИХ-ыг тараах асуудлаар шаардлага хүргүүлсэн байгаа.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин