sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын эрдэмтэд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний 160 гаруй сортыг бий болгож, үйлдвэрлэлд хэрэглээ болгоод байна. Мөн мал аж ахуйн салбарт үндэсний 47 үүлдэр, омог, хэвшлийн малыг баталгаажуулан үндэсний баялаг болгон ашиглаж байгаа талаар өнөөдөр болсон “ХХААХҮ-ийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” чуулган дээр танилцуулав.
ХАА-н салбарынхан шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж энэ талаар зөвлөлдөх Үндэсний хэмжээний чуулганыг салбарын яам ХХААХҮЯ-наас БСШУСЯ-тай хамтран эрдэмтэн судлаачдаа дэмжин зохион байгуулж байна. Чуулганыг ХХААХҮ-ийн дэд сайд, Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн дарга Ж.Сауле нээж хэлэхдээ, “ХАА-н салбарт эрдэмтэн, судлаачдын оруулах хувь нэмэр их юм. Үүнийг нэмэгдүүлэх, тэдний гаргаж буй шинэ технологи, инновацийг амьдралд нэвтрүүлэхэд салбарын яам анхаарч, дэмжих зүйл дээр туслан ажиллаж байна” гэв. Тэрээр, “Дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж, мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн үүрэг байдаг. Монгол Улс эдийн засгийн бүтэц, хөгжлийн загвар, хөрөнгө оруулалтын талаарх чиг хандлагаа өөрчилж буй энэ цаг үед ХААХҮ-ийн салбарын Үндэсний II чуулганаа зохион байгуулж байна. Бид удахгүй судалгааны сайн, сайн үр дүнгээ дэлхий нийтэд зарлахад манай салбарын эрдэмтэн судаачид гол үүрэгтэй байна гэдэгт салбарын шинжлэх ухааны зөвлөлийг удирдан ажиллаж байгаагийн хувьд бат итгэлтэй байна. 
ХАА-н чиглэлийн сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэн гарааны компаниудыг байгуулж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхлээд байгаа нь өмнөх чуулганы явцад ХАА-н салбарын инновацийн дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ чуулганы өмнө бид хөнгөн үйлдвэрийн салбарын инновацийн хөтөлбөрийн төслийг боловсруулж, батлуулахад бэлтгээд байна. Энэ бүхэн нь салбарын инновацийн суурь бүтцийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид Та бүхний мэдлэг туршлага, идэвхитэй оролцоо, манлайлал өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэх байна. Чуулган нь ХХААХҮ-ийн салбарын агробизнесийн сүлжээнд оролцогч бүх талын хамтын ажиллагааны үүрэг, зорилго болж, бид зорилтоо нэгэн зүгт болгож, инновацийн суурь бүтцээ оновчтой зохион байгуулах арга замуудыг тодорхойлсон Зөвлөмжийг гаргаж, мэдлэгт суурилсан инновацийн экосистемийн шинэ цагийг салбартаа эхлүүлж байгааг харуулна гэдэгт итгэж байна" гэсэн юм.
ХХААХҮ-ийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн үндэсний чуулганыг зохион байгуулснаар салбарынхаа тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цаашдын бодлого зорилтоо тодорхойлох, судлаач, бизнес эрхлэгчдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтойг тэрээр хэлж байв.
 
Шинжлэх ухаан, технологи, инноваци бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн суурь асуудал гэж үзэж байна 
 
ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар салбарын шинжлэх ухаан, технологийн үр дүнгээс дурдахдаа, “Монгол малын генетик нөөцийг хадгалж хамгаалах, биотехнологийн зарим ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж, ашиглалтанд орууллаа.
 
Мал эмнэлгийн салбарт дэлхийн шинжлэх ухааны 4 нээлтийг бүртгүүлж, малын эмчилгээний 60 гаруй вакцин, оношлуур, 70 гаруй эм, био бэлдмэлийг бий болгож, Биокомбинатад технологийн томоохон шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна” гэв.  
БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, 2017 оноос эхэлсэн инновацийн төслүүдийг танилцуулсан юм. Эдгээрээс дурдвал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн "Экспортын зориулалтаар хурганы мах үйлдвэрлэх өсөлтийн физиологид суурилсан технологи нэвтрүүлэх", Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн "Тэжээлийн буурцагт ургамлаар уурагт тэжээл үйлдвэрлэх", “Гарааны ургамлын элч” ХХК-ийн "Ургамлын өвчний эсрэг үйлчилгээтэй Б-СУБТИЛ-99” биобэлдмэл үйлдвэрлэл", ХААИС-ийн "Баяжуулсан шингэн болон үрлэн шим бордоо үйлдвэрлэх технологи", “Монлатмит” ХХК-ийн "Хатаасан мах (жерки) үйлдвэрлэлийн технологи шаардлагад нийцэх онцлох бүхий махны хэвшлийн үхрийн сүрэг бий болгох", “Мөнх ногоон амьдрал нийгэмлэг” ТББ-ын "Өвлийн нарлаг хүлэмжинд гүзээлзгэний суулгацыг нутагшуулан үржүүлэх" төсөл хэрэгжүүлж байгааг мэдээллээ. 
Төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгүүд, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, орон нутгийн төлөөлөл 200 гаруй хүн оролцож буй Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанаар салбарын хөгжил, цаашдын бодлого, шинжлэх ухаан, инновацийн ололт амжилт, хүнс, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хөнгөн үйлдвэрийн салбарын хэтийн төлөв зэрэг үндсэн илтгэл хэлэлцүүлж байна. Эдгээр илтгэл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Гурван тулгуурт хөгжлийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал руу чиглэж байна. Чуулганы үеэр салбарын эрдэмтдийн бүтээлээр үзэсгэлэн гарчээ.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг