sonin.mn
МАН-ын удирдах зөвлөл даваа гарагт хуралдаж, нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох талаар нэгдсэн шийдэлд хүрсэн билээ. Тодруулбал, намын нэр хүнд сэвтүүлсэн гэх үндэслэлээр гурван ч хүний асуудлыг авч хэлэлцсэн юм. Энэ тухайд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас дараах асуултад хариулт авлаа
 
-МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв. Хэчнээн хүнд, ямар үндэслэлээр хариуцлага тооцох шийдэлд хүрсэн бэ?
 
-МАН-ын Удирдах зөвлөлийн өнгөрсөн даваа гарагийн хуралдаанд намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулахыг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хариуцлага тооцох үүднээс ажлаа хүлээлгэн өг гэх саналыг оруулж ирсэн. Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн асуудлыг, намын бүлгээр эцэслэнэ. Хотын дарга С.Батболдод хариуцлага тооцуулахаар хуулийн дагуу нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичгээр хандсан. М.Энхболд даргын хувьд мөн МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ.
 
-Удирдах зөвлөлийн хуралдаанд хэчнээн хүн оролцсон бэ. Дээрх асуудлаар санал хураалт явуулсан юм уу?
 
-МАН-ын Удирдах зөвлөл 29 гишүүнтэйгээс 28 нь хуралдаанд оролцсон. УИХ дахь МАН-ын бүлгийн даргад хариуцлага тооцох эсэх тухайд 16:12, Хотын дарга С.Батболдын хувьд 15:12- оор намын даргын санал болгосны дагуу улс төрийн хариуцлага тооцож, үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн.
 
-УИХ-ын даргын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
 
-МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс гаргасан улс төрийн шийдвэрийг намын бүлгийн хуралдаанд оруулж, гишүүдэд танилцуулна. Ингэснээр МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс ямар нэг шийдэлд хүрэх болов уу. Эхлээд намын бүлгээс шийдвэр гарсны дараа асуудал хуулийн дагуу үргэлжилнэ.
 
-"Намын нэр хүндийг сэвтүүлсэн" гэх үндэслэлээр дээрх хүмүүстэй хариуцлага ярьж байна гэж ойлгож болох уу?
 
-Ойрын өдрүүдэд үүссэн асуудлын талаар зөв ойлгох хэрэгтэйг тодотгоё. Өөрөөр хэлбэл, сүулийн өдрүүдэд улс төрд өрнөсөн тодорхой асуудалтай холбоотойгоор МАН дотооддоо хариуцлагын асуудлыг ярьж байгаа. Монгол Улс хуультай орон. Үүний адилаар МАН-д ч мөн дагаж мөрдөх учиртай дүрэм журам гэж бий. Үүний дагуу МАН-ын Хяналтын ерөнхий хороо, Ёс зүйн хороо ч хуралдсан. Бид энэ сарын 7-нд хуралдаад улс төрд өрнөсөн тодорхой асуудлыг удирдах төвшинд авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох нь зөв гэж шийдсэн. Ингэснээр Удирдах зөвлөл төдийгүй шаардлагатай бол МАН-ын ээлжит бус Бага хурал, цаашлаад Их хурлыг ч зарлан хуралдуулж болно гэх дүгнэлтийг Хяналтын ерөнхий хорооноос гаргасан. Энэхүү шийдвэрээ МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт хүргүүлсний дагуу МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан гэдгийг хэлье. Ерөнхий утгаараа энэ нь зөвхөн "60 тэрбум"-ын гэх юмуу ЖДҮ-ийг дэмжих сантай холбоотойгоор өрнөж буй алхам биш. Харин МАН-ын дүрмийн дагуу "Намын нэр хүндийг унагасан, сэвтүүлсэн, сахилга хариуцлага алдсан" гэх үндэслэлээс үүдэлтэйгээр өрнөж буй хариуцлагын асуудал юм. Дээрх асуудал үнэхээр намын нэр хүндэд сэв суулгаад зогсохгүй, нийгмийг бухимдуулж байна. Ёс зүйн хувьд алдаа гаргасан байна гэж намын зүгээс дүгнэсэн, УИХ-ын гишүүд ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн.
 
-ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд зээл авсан нь тодорхой болсон. Үүнд намын зүгээс ямар арга хэмжээ авахаар ярилцаж байна вэ?
 
-МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдааны шийдвэрт энэ талаар маш тодорхой тусгасан. МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газраас нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох ёстой. Ингэхдээ хууль хяналтын байгууллагын тодорхой шийдвэрийг үндэслэнэ. Үнэхээр гэм буруутайг нь тогтоочихвол хатуу хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин