sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2018.11.19) Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй, хууль, шүүхийн асуудал, иргэний нийгмийн хөгжлийн асуудлаарх байнгын хорооны (Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулалтын байнгын хороо) дарга Клишас Андрей Александрович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг урив.
 
 
Тэрбээр, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа тэмдэглээд “Санасан хэмжээнд төдийлэн хүрэхгүй байгаа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн чухал юм. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд энэ чиглэлээр хамтран ажиллаж, хил, гааль, татвар, тээврийн зэрэг зарим салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлт тавих ёстой. Мөн хил орчмын бүс нутаг, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх, үүссэн асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж байх нь харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болно” хэмээн тэмдэглэсэн юм.
Ноён Клишас Андрей Александрович үгийнхээ эхэнд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенкогийн чин сэтгэлийн мэндчилгээг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд уламжиллаа.
Тэрбээр, парламент хоорондын хамтын ажиллагаанд хоёр улсын хууль тогтоох байгууллага дахь Бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, "Энэ оны 12 дугаар сард Москва хотноо ОХУ-ын Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа. Энэхүү баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүдийг урьж байна” гэлээ. Мөн хоёр улсын харилцааг эдийн засгийн чиглэлээр хөгжүүлэхийн зэрэгцээ иргэд хооронд, хүмүүнлэг, соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Ирэх онд Халх голын ялалтын 80 жилийн ой тохионо. Уг ойг хоёр улсын Засгийн газар хамтран тэмдэглэхээр яриа хэлэлцээр хийсэн. Энэхүү түүхэн үйл явдлыг залуу, хойч үедээ зөвөөр таниулан сурталчлах, ахмад дайчдын гавьяаг алдаршуулах нь чухал гэдэгтээ талууд санал нэгтэй байв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан,  ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.