sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгууль дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй намыг дараагийн сонгуульд оролцуулахгүй байх хуулийн төсөл боловсруулах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэх талаар өнөөдөр Үнэн ба Зөв намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр тус намын дарга А.Отгонбаатар, “Засгийн эрх барьж буй МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө огт хэрэгжүүлээгүй. Түүнчлэн тус намын хагарлаас үүдэлтэйгээр төрийн ажил гацаж байна. Үүнтэй зэрэгцээд АН УИХ-ын ээлжит бус сонгууль зохион байгуулах асуудлыг хөндөх болсон. Ээлжит бус сонгууль зохион байгуулсан тохиолдолд АН ялах магадлал өндөр. Гэтэл АН 2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө мөн л хэрэгжүүлээгүй. Тиймээс мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг хэрэгжүүлээгүй намыг дараагийн сонгуульд оролцуулахгүй байх хуулийн төсөл санаачлах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргэж байгаа юм. Хуулийн төслийг баталсан тохиолдолд Монгол төрд ёс зүй, хариуцлага тогтох болно” гэлээ
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг