sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд нүүрс олборлолт, гаргалт зэрэг төлөвлөсөн ажлаа 2.1 дахин давуулан биелүүлж, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж санхүүгээ сайжруулсан учир хөрөнгийн зах зээлд IPO хийж хувьцаагаа гаргахаас өмнө ногдол ашгаа хуваарилж олгоно гэдгээ тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийх үеэр мэдэгдлээ.
Ногдол ашгийг тус компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж буй Монгол Улсын иргэн бүр буюу 2.5 сая иргэн хүртэнэ. Хэдэн төгрөгийн ногдол ашиг тарааж олгохыг ирэх 4-р сард болох компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэж Засгийн газраар оруулсны дараа тодорхой болно. Одоо компани санхүүгийн тайландаа аудит хийлгэж байгааг тэрээр мэдээллээ. Түүнтэй уулзаж зарим зүйлийг тодруулав.
Цэвэр ашигтай ажиллах суурь нөхцөлийг хангаж өгснөөр дэлхийд өрсөлдөх боломжийг бүрдүүлээд байна
 
-Компани өнгөрсөн онд яаж ашигтай ажилласан талаар товч танилцуулна уу?
 
-Бид БНАУ-ын “Чалко” компани дахь өр авлагаа бүрэн төлснийг та бүхэн мэднэ. Ингэхдээ нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллараар нийлүүлж байсан бол 2017 оны 1-р улиралд 59.33 ам.доллар, 2018 оны 2-р улиралд 61.0 ам.доллар, энэ оны 1-р улирлаас нэг тонн нүүрсийг 63.32 ам.доллар болгон нэмэгдүүлснээр үнийг 2.5 дахин өсгөсөн үзүүлэлтийг гаргалаа. Цанхийн баруун уурхайн 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний 7 гэрээг тус бүр амжилттай хийснээр өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлж чадсан.
Өнөөдрийн байдлаар манай компани түүхэндээ 45.8 сая тонн нүүрс олборлоод байна. Энэ нь компани байгуулагдсан 2010 оноос хойших үзүүлэлтийн үр дүн юм. Ингэснээр өнгөрсөн хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажлласан байна. Тодруулбал, 2017-2018 онд 3.1 их наяд төгрөгийн орлого олсон. Өнгөрсөн онд олсон 1.99 их наяд төгрөгөөсөө 2010 оноос хойш үүсээд байсан гадаад, дотоодын (БНХАУ-ын “Чалко” болон манай улсын Хөгжлийн банкнаас авсан) өр төлбөрийг бүрэн төлж дуусгасан. 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, 335 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс орлогоо 720 тэрбум төгрөгт хүргэж чадлаа. Дүгнэж хэлэхэд бид үнийн бодлогын менежментийг амжилттай хэрэгжүүлж ирсний үр дүнд ашигтай ажиллаж ирлээ. Энд бас нүүрсний гадаад зах зээлийн үнэ ханш өндөр байсан нөхцөл байдал нөлөөлсөн.
 
-Ашигтай ажилласнаар цааш ямар үр дүн гарах вэ? Хүлээж буй хувьцаагаа хэээ гаргах вэ? Ногдол ашиг авахад иргэд заавал бүртгүүлсэн байх уу?
 
-Ногдол ашгийн хувьд заавал бүртгүүлэх шаардлагагүй, иргэд брокер дилерийн аль нэг (баталгаатай) компанид дансаа нээлгэсэн байхад л болно. Дансаар чинь ногдол ашиг олгох юм. Бид өнгөрсөн хугацаанд “1072 хувьцааны мэдээллийн төв”-өөрөө дамжуулан 1.2 сая иргэнд мэдээлэл зөвлөгөө өгч 500 мянган хүн дансаа нээлгээд байгаа. Хувьцааны тухайд энэ онд хөрөнгийн зах зээлд IPO хийж амилуулна. Санхүүгээ дээшлүүлж, үйл ажиллагаагаа сайжруулсан тул одоо хувьцаагаа олон улсын зах зээлд гаргаж, компани дэлхийн түвшинд өрсөлдөх боломж нөхцөл бүрдлээ. Блокийн аргачлалаар 5.1 тэрбум тонн байсан ордын нөөцөө 6.3 тэрбум тоннд хүргэж тооцуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулаад байна. Ингэснээр олон улсын Жорк стандартад шилжсэн дүнгээр нөөц 8 тэрбум тонн, түүнээс дээш хэмжээний байх боломжтойгоор шийдвэрлүүлсэн.
Компани ашигтай ажиллаж байгаа учир одоо нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн дараа дараагийн бүтээн байгуулалтын ажлуудаа хийх нөхцөл бүрдээд байна. "Гашуун сухайт"-ын төмөр зам нэн шаардлагатай байгаа учир энэ ажлыг хийнэ. Авто зам засварлах, параллель болгох ажлыг дөрөвдүгээр сараас эхэлнэ. ТЭЗҮ-үүдийг нь бүгдийг нь хийгээд гаргасан учир одоо хөрөнгө оруулалт татахад бэлэн. ТЭЗҮ-г хийж гаргаад байна гэдэг олон улсад үнэлэгдэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм. Бид энэ оноос эхлэн өөрсдөө олборлолт, ачилтаа хийдэг болно. Техник, технологио бүрэн шинэчилнэ. Ордын түшиглэн 100 мянган хүнтэй хотын суурь ажлыг эхлүүлнэ.
Нийгмийн хүрээнд манай компани нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах үүднээс Тавантолгойн ордын нүүрсийг нийлүүлж сайжруулсан түлш гаргах үйлдвэрийг Улаанбаатар хотод байгуулаад байна. Тавантолгойн нүүр бүрэн шаталт сайн, хоргүй учир сайжруулсан түлш үйлдвэрлэхэд их боломжтой байгаа юм. Манай компани нийслэл хотыг шахмал, сайжруулсан түлшээр 100 хувь бүрэн хангах хүчин чадалтай. Бид 2020 онд манай улсад болох “Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэж ажиллана.
 
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаагаа эхлээд Хонгконгийн хөрөнгийн биржид гаргана
 
-Хувьцаагаа олон улсын аль хөрөнгийн биржид гаргах гэж байна вэ? Ер нь хэдий хэмжээний хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа вэ?
 
-IPO хийх хөрөнгийн биржүүдийг сүүлийн жилүүдэд судалж Хонгконгийн болон Нью-Йоркийн биржид гарахаар болоод байна. Ямар ч байсан эхний ээлжинд Хонгконгийн биржид хувьцаагаа гаргана. Нью-Йоркийнхад давхар бүртгэлтэй явж болох байх. Ийм шийд гараад байгаа. Ер нь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудаа тооцоолоод үзэхэд хөрөнгийн зах зээл дээрээс 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай байгаа.
 
-Иргэд хувьцаагаа зарж борлуулж болох уу гэж их асуух юм?
 
-Болохгүй гэдгийг хөрөнгийн зах зээлийн мэдлэг, эдийн засгийн энгийн мэдээлэлтэй хүн мэдэх учиртай. Яахав иргэд зарим талаар мэдээлэл, мэдлэгүй байгаатай холбоотой байх. Манай компани дотоод, гадаад аль болох нээлттэй болох зам руу явж, энэ талаар бид юм хийж байна. Харин хувьцааны хувьд манай компани хаалттай компани юм. Хувьцаагаа арилжаанд оруулаагүй учир зарж болохгүй. Арилжаад эхэлсэн хойно харин яаж ч хөдөлгөж болно. Ер нь хувьцаа чинь цаашид танд, ирээдүйд танай үр хүүхдүүдэд их хэрэгтэй гэдгийг дахин хэлье. “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын түвшинд гарч дэлхийд өрсөлдөх боломжтой компани учир таны эзэмшиж буй хувьцаа үнэтэй, тэр хэмжээгээр танд үр ашгаа өгнө.
 
 
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг