sonin.mn
ТОКИО. /TASS/. Найрамдлын гэрээ байгуулах асуудлаар ОХУ-тай хийж буй яриа хэлэлцээ ирэх саруудад тодорхой шийдэлд хүрэлгүй сунжирвал, Японы тал хэлэлцээ хийх аргаа өөрчилж магадгүй байна. Энэ тухай “Jiji Tsushinsha” агентлаг Японы Засгийн газар дахь эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
Эх сурвалжуудын онцлон тэмдэглэж буйгаар, хэлэлцээний үйл явцыг идэвхжүүлсэн нь Курилын өмнөд хэсгийн арлуудыг Японы талд шилжүүлэн өгөхийг эсэргүүцэж байгаа ОХУ-ын иргэдийн дургүйцлийг төрүүлэхэд хүргэсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эхлээд ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах асуудлаарх суурь гэрээнээс зургадугаар сар гэхэд буюу Осака хотод “Их 20”-ийн уулзалт болох үед гарахаар төлөвлөж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын оролцоотой өндөр дээд түвшинд уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Гэвч одоогийн нөхцөлд хоёр орны хоорондох бүх санал зөрөлдөөнийг түргэн шийдэж чадахгүй байж магадгүй бөгөөд “олон жилийн асуудлыг хэдхэн сарын дотор шийдэх” боломжгүй гэж Японы Засгийн газрын хэд хэдэн гишүүн үзэж байгаа аж. “Jiji Tsushinsha” агентлаг мөн Абэгийн ойрын хүрээний зарим хүн Японы Ерөнхий сайд солигдсоны дараагаар ч хэлэлцээ хийх боломжийг судлах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгааг онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн онд эрх баригч Либерал-Ардчилсан намын даргын сонгуульд ялсан Абэ 2021 он хүртэл Засгийн газрын тэргүүний суудлаа хадгалж үлдэх боломжтой юм.
Япон болон ОХУ-ын удирдагчид өнгөрсөн оны 11 дүгээр сард Сингапурт уулзахдаа хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээг идэвхжүүлэх тохиролцоонд хүрсэн юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг