sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоо болон түүний гишүүн улсуудаас тус улсад суугаа элчин сайдуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Европын Холбооны Элчин сайд Маркус Едерер Ерөнхийлөгчид цаг гарган хүлээн авч буйд талархаад “Гишүүн орнуудын элч нар өнгөрсөн зургадугаар сарын сонгуулиас хойших өөрчлөлт шинэчлэлт, мөн орон нутгийн сонгуулийн талаар, бас ардчиллыг хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд, хууль дээдлэх ёсны хэрэгжилт, авлигын эсрэг хийж буй тэмцэл зэрэг олон зүйл сонирхож байна. Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улс хоорондын харилцаа шинэ түвшинд хүрч, Монгол Улсын Ерөнхий сайд ирэх оны гуравдугаар сард Европын холбоонд айлчлах гэж байгаад баяртай байна” гэлээ.
 
Ерөнхийлөгч элчин сайдуудад хандан “Та бүхэнтэй уулзан өнгөрсөн уулзалтаас хойш ямар өөрчлөлтүүд гарч байгаа талаар ярилцахад таатай байна.  Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн орон болсон тухай сайхан мэдээгээр яриагаа эхлэмээр байна. Та бүхний дэмжлэгэд талархаж байна. Энэ бол нэг сайн алхам.
 
Өнгөрсөн уулзалтаас хойш чухал өөрчлөлтүүд гарлаа. Сонгуулийнхаа хуульд том өөрчлөлт оруулсан. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас бид сургамж авсан юм. Бид сонгуульд компьютерийн систем ашиглалаа, бүр алслагдсан газраа ч түүнийг хэрэглэсэн. Өчигдөр орон нутгийн сонгуульд мөн түүнийг хэрэглэж, малчид маань электрон машинаар саналаа өглөө. Зарим нэг хүн машинд шүүмжлэлтэй хандаж байгаа. Муу зүйл хийх замыг нь хаасанд дургүйцэж байж болох юм. Ер нь машин, компьютер бус хүн л муу зүйл хийдэг шүү дээ.
 
Мэдээж бид парламентын, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчинг сайжруулахаар ажилласаар байна. Үр дүнд нь парламентын сонгуулиар нэг ч нам үнэмлэхүй олонх болсонгүй. Ингээд эвслийн Засгийн газар байгуулсан. Энэ парламентад бид сайн хуулийн төсөл боловсруулж өгч чадвал сайн хууль, сайхан эрх зүйн орчин бүрдүүлэх боломж бий гэж найдаж байгаа. Яагаад гэвэл олонхоор түрүү барих биш зөвшилцөх нөхцөл бүрдсэн байгаа. Нөгөөтэйгүүр 1990 оноос хойш анх удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга ардчилсан намаас сонгогдлоо. Энэ нь эдгээр институци илүү хамтран ажиллах боломж олгож байна.
 
Орон нутгийн сонгуулийн хувьд Сонгуулийн ерөнхий хороо хэвлэлийн бага хурал хийж үр дүнг бидэнд мэдэгдэх байх.
 
2013 оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатарт Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал болно. Энэ бол том арга хэмжээ. Ардчиллыг хүндэтгэдэг орнууд өндөр хэмжээний төлөөлөгч ирүүлнэ гэж итгэж байгаа. Олон уулзалтууд зохион байгуулна. Бид туршлагаа хуваалцах болно.
 
Европын Холбооны стандартыг нэвтрүүлэх асуудлаар Засгийн газар ажиллаж байгаа. Ямар стандартуудыг нутагшуулах талаар ажиллаж, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэдийнэ бэлэн болгоод байна.
 
Эрх зүйн шинэчлэл цаашид үргэлжилнэ. Хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх тухай олон жил ярьж байгаа. Эрх зүйн шинэчлэл хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөхөд бодит үр дүн авчирна гэж бодож байна. Бид эрх зүйн болон бүтцийн цогц шинэчлэл хийх зорилт тавин ажиллаж байна.
 
Хөрөнгө оруулалтын талаар гэвэл өнгөрсөн тавдугаар сард УИХ нэг хууль баталсан. Энэ чиглэлд өөрчлөлт зохицуулалт хэрэгтэй байсан юм. Гэхдээ  УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид гурав шинэ хуульд зарим нэг өөрчлөлт хийх хэрэгтэй талаар ярилцаж тохирсон байгаа. Бид гурав, дээр нь сайд нар хөрөнгө оруулагчидтай уулзаж, саналыг нь сонссон, нааштай өөрчлөлт орно гэж бодож байна.
 
Оюутолгойн гэрээний тухайд гэвэл бидний хийсэн анхны том гэрээ. Миний байр суурь тодорхой байгаа гэж боддог. Хоёр дахь том гэрээг байгуулахад энэ удаагийнх том сургамж болно. Засгийн газар Таван толгойд дэд бүтэц байгуулах шинэ чиглэл барьж байгаа. Ингэснээр нөхцөл байдал өөрчлөгдөнө байх аа.
 
Европ бол олон монгол хүнд боловсрол олгосон газар. Энэ баялаг уламжлал үргэлжилнэ гэж найдаж байна. Боловсрол, соёлын хамтын ажиллагаатай  холбоотойгоор Монгол Улс “Болоны процесс”-т нэгдэх хэрэгтэй байна. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөндөө монголын боловсролын үнэмлэхийг Европын Холбооны улсууд хүлээн зөвшөөрөх асуудлыг оруулаасай гэж хүсч байна. Европын Холбооны гишүүд, Монгол Улсын хамтын ажиллагааг урагшлуулах, гүнзгийрүүлэх алхамд ямар нэг саад тээг байх ёсгүй, бид тийм зүйлийг маш яаралтай зохицуулах учиртай гэж үздэг. Би өөрийн зүгээс тийм саад бэрхшээлийг харахгүй байгаа” хэмээн хэллээ.
 
Дараа нь зарим элчин сайд Ерөнхийлөгчийн ярьсан зүйлтэй холбогдуулан саналаа илэрхийлж, сонирхсон зүйлээ асууж лавлав.