sonin.mn
КАРАКАС. /TASS/. Венесуэлийн Үндэсний гвардын цэргүүд Колумби улстай залгаа хилийн бүсэд оршдог Симон Боливарын нэрэмжит гүүрэн дээр жагсагчдыг тараахын тулд гал нээжээ. Энэ тухай “El Nacional” сонины цахим хуудсанд мэдээлсэн байна.Тус сонинд мэдээлснээр, цэргүүд Колумбийн чиглэлд бууджээ. Нутаг дэвсгэртээ байсан Колумбийн цагдаа нар галт зэвсгээ бэлэн байдалд оруулсан боловч гал нээгээгүй аж. Гал нээх үеэр Колумбийн хүчнийхнээс амиа алдсан болон шархдаж гэмтсэн тухай мэдээлэл байхгүй байна. Хоёр орны хилийн бүсэд жагсагчид хүмүүнлэгийн тусламжийг оруулахыг Венесуэлийн эрх баригчдаас шаардаж байгаа юм.
Венесуэлийн сөрөг хүчнийхэн Николас Мадурогийн шийдвэрээр хаасан Колумби болон Бразил улстай залгаа хилээр хоёрдугаар сарын 23-нд хүмүүнлэгийн тусламжийг оруулахыг оролдсон байна. Гэвч хилийн бүсэд тараан байрлуулсан Үндэсний гвард болон цагдаа нар тусламжийг оруулаагүй бөгөөд хэд хэдэн ачааг шатаажээ.
Эмх замбараагүй байдлын үеэр Колумбийн иргэдийг оруулаад хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн байна. Янз бүрийн мэдээллээр, дөрвөөс 25 гаруй хүн амиа алджээ. Үүний зэрэгцээ, сөрөг хүчний төлөөлөгчдийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 23-наас хойш 160 орчим цэрэг, цагдаа Мадурогийн тушаалыг дагахаас татгалзаж, Колумби руу зугтан гарсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг