sonin.mn
Өнгөрөгч лхагва гарагт Соёлын төв өргөөнд “Их хотын бүсгүйчүүд 2019” хүндэтгэлийн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 3 дах удаагаа зохион байгуулав. Тус арга хэмжээнд Нийслэлийн ЗДТГ болон түүний харьяа агентлагууд төдийгүй  дүүрэг, хороонд ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцов. Энэ үеэр эрхэлсэн ажил үйлсдээ амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласан шилдэг 9 эмэгтэйг тодруулж өргөмжлөл гардуулсан.
 
 
Хотын захирагч С.Амарсайхан  Нийслэлийн шилдэг 9 эмэгтэйд талархал илэрхийлэх үеэрээ 36 настай ч 8 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлж буй, тун удахгүй ес дэх хүүхдээ өлгийдөн авах гэж буй алдарт эх Ө.Өрнөхбилэгт тусгайлан талархал илэрхийлж, таниар бахархаж байна гэв.
 
Нийслэлийн шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгарсан Ө.Өрнөхбилэг шагналаа гардах үеэр түүний нөхөр, 8 хүүхэд нь тайзан дээр гарч баяр хүргэсэн нь Хотын даргын сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал боллоо. 
 
Хотын захирагч С.Амарсайхан “Бүсгүйчүүд, эмэгтэйчүүдээ бид хайрлаж, хамгаалж, хэрэгтэй цаг үед нь үргэлж дэргэд нь байх ёстой гэж би боддог, Би 9 хүүхэдтэй айлын 8 дахь хүү нь, дээрээ 6 ах 1 эгчтэй, дороо 1 эрэгтэй дүүтэй, миний аав ээж хоёр Налайх уурхайтай ажил амьдралаа холбосон жирийн уурхайчин гэр бүл. Ээж маань намайг 5 ханатай гэртээ ганцаараа байхдаа төрүүлж ѳѳрѳѳ боож авсан гэдэг. Төрөх хугацаа нь арай болоогүй байсан би гэдэг хүн аавыг ажилдаа яваад гэртээ ирэхэд гэнэт төрчихсөн байсан болохоор аав, ээж надад Амарсайхан гэдэг нэр өгсөн гэдэг, ...Хүний амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдовч түүнийг хэрхэн давж болдог, амьдралд ямар нандин мөч тохиодогийг, бие биенээ хэрхэн хайрлах ёстой вэ гэдгийг эрчүүд та бид цаг ямагт санаж, ойлгож явах ёстой” хэмээгээд  нийт эрчүүдийнхээ нэрийн өмнөөс Монгол орныхоо өнцөг булан бүрт суугаа ээжүүд, эхчүүд, бүсгүйчүүд, эгч, дүү нартаа  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. 
 
Тус арга хэмжээний төгсгөлд Хотын Захирагч С.Амарсайхан  8 хүүхэдтэй Д.Батдаваа, Ө.Өрнөхбилэг нарыг урин уулзаж, халуун дулаан яриа өрнүүллээ.