sonin.mn
УИХ-ын гишүүн Д.ХАЯНХЯРВААТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-УИХ ээлжит бусаар ес хоног чууллаа. Энэ хугацаанд гаргасан шийдвэрээс хамгийн их анхаарал татсан, талцал хуваагдал үүсгэсэн нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг анхны хувилбараар нь баталсан явдал байв. УИХ энэ хуулийг ёсчилж, ҮАБЗ-ийн эрх мэдлийг нэмэгдүүлснийг та хэрхэн дүгнэх вэ?
 
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийг би хувьдаа Үндсэн хууль зөрчсөн гэж харж байна. “Эрүүдэн шүүсэн, хууль хяналтын байгууллага сул ажиллаж байна” зэрэг олон шалтгаан дурдаж хуульд өөрчлөлт оруулсан. Эрүүдэн шүүдэг, ял тулгадаг байдлыг ямар ч хүн зөв зүйтэй гэж үзэхгүй. Хэрэг шийдэхийн тулд хууль хяналтынхан зохион байгуулалттайгаар ажиллаж, эрүүдэн шүүсэн бол хатуу цээрлэл үзүүлэх ёстой гэдэгтэй зуун хувь санал нийлнэ. Гагцхүү Үндсэн хуулиа зөрчин байж хуульд өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага байсан уу гэдэг асуудал л энд байгаа юм.
 
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийг хэлэлцээд “АТГ-ын удирдлага, шүүгч, прокурор эрүүдэн шүүсэн нь нотлогдвол ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж өөрчлөхөөр болсон. Харин энэ өөрчлөлтөөр нэгдсэн чуулганаар санал хураахад олонх дэмжээгүй нь ямар учиртай юм бэ?
 
-Мэргэжлийн /Хууль зүйн/ байнгын хорооны хуралдаанаар бид бүтэн өдөр, шөнө ярьсны эцэст дээрх шийдэлд хүрсэн. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хувилбараар баталбал Үндсэн хууль зөрчих учир “эрүүдэн шүүсэн нь нотлогдсон бол” гэсэн засвар хийсэн. Гэтэл нэгдсэн чуулганаар бүгдийг нь унагаад анхны хувилбараар нь баталчихсан. Би хувьдаа энэ процессыг УИХ-ын гишүүдийн олонх ямар нэг барьцаанд байна уу даа гэж дүгнэсэн. Хэрвээ анхны хувилбараар баталбал Үндсэн хууль зөрчинө гэдгийг УИХ-ын гишүүд мэдэж байсан хэрнээ л кноп дарсан.
 
-“Ийм хууль баталж болохгүй, Үндсэн хууль зөрчинө” гэсэн атлаа анхны хувилбарыг дэмжиж кноп дарсан олон гишүүн байсан. Та ч бас ийм байдлыг анзаарсан л байх?
 
-Өөрөө өөртэйгөө зөрчилдсөн олон хүн харагдсан. Аргагүй байдалд ороод санал өгчихлөө дөө гэдэг бодол төрсөн шүү. Чуулганы танхимд зарим гишүүн картаа сугалаад, эсвэл буцааж хийгээд, зарим нь бүр гараад явчихаж байхад нөгөө нь ирэхгүй байх жишээний. Эцэст нь аргагүйн эрхэнд олонх нь кнопоо дарж байгаа нь тодорхой түвшинд барьцаанд байна уу даа гэж харагдсан.
 
Парламентад ажиллаж буй хүмүүс хууль бус зүйлээс хол явах учиртай юм. Хууль бус зүйлээс зайтай байж парламентаас сайн чанартай хууль, дүрэм гарна.
 
Ингэж чадахгүй л бол өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх боломжгүй. Хатуухан хэлэхэд, иймдээ тулбал парламентын гишүүн байгаад яах юм бэ, больчих хэрэгтэй. Нөгөө талаас Хууль зүйн байнгын  хорооны зарим гишүүн биднийг хуурсан гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн саналыг эсэргүүцэж байгаа гишүүд орж ирэхгүй бол ирц хүрэхгүй учраас ийм өөрчлөлт хийсэн болоод чуулган дээр унагая гэж үгссэн юм биш байгаа ч гэж хардсан. Парламентын түүхэнд шившгийн л зүйл боллоо. Гэхдээ бидний баталсан хуулийг /Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль/ хэн нэгэн Үндсэн хуулийн Цэцэд өгч, гомдол гаргах болов уу. Энэ бол гарцаагүй Үндсэн хууль зөрчсөн явдал болсон. Учир нь, УИХ шүүх засаглалын хараат бус байдалд шууд нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгочихлоо. ҮАБЗ-ийн гурван гишүүний зөвлөмжөөр шүүх засаглалдаа халдаж болохоор болчихлоо. Нэг үгээр хэлбэл, бид хуульд биш хүнд захирагдаж ажиллах зам руу орчихлоо шүү дээ.
 
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон дагалдах хуулийг батлахын өмнө С.Зоригийн хэрэгт ял сонссон хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлсэн. Энэ нь шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болох уу. Магадгүй ийм зорилгоор үзүүлсэн гэж хардах хүн ч байна. Жишээлбэл, таны шийдвэрт бичлэг нөлөөлсөн үү?
 
-Би тэр бичлэгийг үзээгүй. Хууль зүйн сайд нүдэнд харагдтал ярьж байгаа учраас итгэнэ. Санал хурааж, хууль батлахын өмнө гишүүдэд бичлэг үзүүлснээр шийдвэрт нь нөлөөлсөн байх талтай. Гэхдээ нэг бичлэг үзээд юмуу аймшигтай зүйл сонсонгуутаа бүхэл бүтэн системээ нураах шийдвэр гаргана гэдэг бол парламентын гишүүдийн хувьд байж болохгүй зүйл.
 
-Хууль батлахыг дэмжээгүй хүмүүсийг “эрүүдэн шүүлт, хүчирхийллийг дэмжигч” гэж цоллоод эхэллээ. Эцсийн дүндээ олон нийт баталсан хуулийн агуулгыг биш бичлэг яриад байгаагаас үзвэл цаад зорилгоо биелүүлж байх шиг. Гэтэл Монгол Улсад эрүүдэн шүүлт бодитоор байна гэдгийг хүний эрхийн дотно, гаднын байгууллагууд өнгөрсөн хугацаанд хангалттай хэлж, ярьсан шүү дээ?
 
-“Хүчирхийллийг дэмжигч гишүүн Д.Хаянхярваа” гэх мэтээр бидний зураг хөргийг тавьчихсан цоллоод эхэлсэн байна лээ. Гэтэл өнөөдөр Хаян гэдэг хүний нэр хүнд гэхээсээ улс орны хувь заяаны тухай асуудал чухал юм. Хууль дээдлэх ёсоо бид өөрсдөө умартаж болохгүй. Бид Үндсэн хуультай, хуулийн дор амьдарч байх учиртай юм. Тийм ч учраас ямар ч тохиолдолд Үндсэн хуулиа л барьж ажиллах ёстой байлаа. Энэ удаагийн үйл явдлаас би хувьдаа нэг л зүйлийг маш сайн ойлголоо.
 
-Юуг?
 
-Үндсэн хуульдаа л гарч хүрч болохгүй юм байна гэж бодоод сууж байна. Энэ УИХ барьцаалагдсан байгааг та бид бэлхнээ харлаа. Ийм үед Үндсэн хуульдаа гар хүрвэл тоглоод дуусах юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнээс цааш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэрхэвч дэмжихгүй. Үндсэн хууль зөрчсөн хуулийн төслийг батлаад явуулчихаж байхад эцэг хуулиа өөрчлөхийг дэмжиж болохгүй. Үндсэн хуульд ямар ч өөрчлөлт хийхээр оруулж ирсэн, кноп дараад явуулахад бэлэн болжээ л гэж харагдпаа.
 
-Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Процессын зүйлээ бүгдийг хийчихсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байгаа?
 
-Үндсэн хуулийг өөрчлөхөд дөрөвний гурваар баталдаг өндөр босготой. Тэгэхээр эрх биш үнэний талд зогсох хориод хүн энэ парламентад байх байлгүй гэж найдаж байна. Хэрвээ хүч түрж, Үндсэн хуульдаа гар хүрвэл “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч болно. Энүүхэндээ гэхэд өнөөдрийн мөрдөж буй манай Үндсэн хууль тийм ч муу хууль биш. Энэ хуулийг баталсан ахмадууд харьцангуй хараат бус байж холбогдох бүх тооцоо судалгааг олон талаас нь хийж байж баталсан. Гэтэл өөрчлөхийн тулд өөрчлөөд шал дордуулчихвал яах вэ.
 
-Хэдий өндөр босготой ч таны хэлдгээр цөөнгүй гишүүн барьцаанд орчихсон юм бол Үндсэн хуулийг өөрчилчих юм биш үү. Таны лоббид автах гишүүн хэр олон байх бол?
 
-Энэ тухайд би өөрийнхөө чадлаар л гишүүддээ ойлгуулж явна. Үндсэн хуульд гар хүрч, өөрчлөхийн тулд өөрчилж болохгүй гэдгийг би ил тодоор хэлж зарлана. Ийм барьцаатай нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал бид түүхэнд үнэхээр том хар толбо үлдээнэ. Гэхдээ шийдвэр гаргах эрх тухайн хүнийх.
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бэлэн болчихсон. Энэ төслийг дэмжиж УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. Та жишээлбэл зурсан уу?
 
-Бидэнд танилцуулсан төслийг би дэмжиж гарын үсэг зурсан. Гэхдээ түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдчихлөө. Тиймээс би цаашдаа дэмжихгүй гэж шийдсэн.
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гол шалтгаан нь юу юм бэ. Танд ямар хардлага байна ?
 
-Засаглалын хэлбэрийг өөрчилчихвөл яах вэ. Ард түмнээс санал асуух нэг бүлэг байгаа шүү дээ. Үүний хүрээнд “ард түмний хүсэлт гэх нэрийдлээр юу ч оруулаад ирэх юм билээ. Б.Чимэд гуайн хэлсэн үг бий.
 
“Манайх шиг цөөн хүн амтай улс Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл дарангуйлал тогтох асар өндөр магадлалтай.
 
Муу ч сайн ч 76 хүн сууж байгаад шийдвэр гаргадаг байвал манай тусгаар тогтнолд хэрэггэй юм” гэж хэлэхийг чихээрээ сонсч явлаа. Тэгэхээр цаашдаа бид парламентын засаглалаа төгөлдөржүүлэх чиглэл рүү л явах ёстой юм.
 
-Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг баталсан даруйд нь ашиглаж, ерөнхий болон орлогч прокурор, шүүгчийг ажлаас нь чөлөөллөө. Энэ тухайд та юу хэлэх вэ?
 
-Энэ процессыг харж суухад хүүхдийн тоглоом шиг зүйл болж байна. Эхлээд тавилттай жүжиг нийгэмд тарааж ард түмний сэтгэл зүйг бэлддэг болчихсон. Үүний дараагаар хийх гэснээ өөрийнхөө хүссэнээр хийдэг байдалд шилжлээ.
 
Жишээлбэл, Ерөнхийлөгчийг хар. Орлогч прокурорт нэг хүн нэр дэвшүүллээ, өнөөх нь хүнээс их хэмжээний мөнгө нэхсэн бичлэг ил боллоо гэнгүүт буцаагаад татчихдаг. АТГ-ын даргад хоёр хүнийг санал болгоод сошиалаар санал асуулаа л гэсэн, удаа ч үгүй буцаагаад татчихлаа. Энэ бүгдийг тавилттай жүжиг гэхээс өөрөөр яаж тайлбарлах вэ. Бид АТГ, шүүх, прокурорын удирдлагыг олон нийтийн санал асуулгаар тодруулна гэдэг байж боломгүй зүйл. Энэ тусгай албадыг хэн нь зөв шударга удирдаад явах хэмжээний ёс зүй, туршлага чадвартай вэ гэдгийг ард түмэн яаж мэдэх вэ. Тэр байтугай бид ч нарийн мэдэхгүй. Тэгэхээр нарийн судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж байж томилох учиртай юм. Ер нь цаашдаа засаг төр солигдох бүрт хууль хяналтын байгууллагын удирдлагыг өөрчилдөг байдлыг болих хэрэгтэй. Х.Баттулга Ерөнхийлөгч ч бас зүтгэсээр байгаад ийм зам руу халтирчихлаа. Эргээд 2-3 жилийн дараа хараарай. Дараагийн хүмүүс гарч ирлээ гэхэд “Х.Баттулгын бууны нохой" гэж цоллоод, хуулийнхны ажлыг булаацалдана. Хуулийн ажил бол амаргүй. Мэдээж хэн ч “би хийсэн” гэж гэм буруугаа хүлээдэггүй. Түүнийг хөдөлшгүй баримтад үндэслэн нотолж, ял хүлээлгэдэг. Энэ тохиолдолд нэг нь гомдож нөгөө нь баярладаг. Тэгэхээр хууль, шүүхийнхнийг нийгэмд аль аль талаас нь л дүгнэдэг, энэ бол хэзээ ч тасрахгүй шүүмжлэл. Тэгэхээр шүүх, прокурорт чадвартай, ноён нуруутай, ёс зүйтэй хүн очоосой л гэж бодож байна. Би хувьдаа М.Энх-Амгалан прокурорыг зарчимтай, ажилдаа чамбай хүн юм уу даа гэж үнэлж явсан, бусдыг нь сайн танихгүй. Одоо томилох хүмүүсийн шалгуурыг өндөр түвшинд тавиасай л гэж найдаж байна.
 
-М.Энх-Амгалан прокурорын хувьд хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн. Энэ утгаараа ч ЖДҮ-чидтэй тэмцэгч гэж ойлгож байсан ч халчихлаа. Одоо цаашдаа ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийн асуудал намжчих юм биш биз дээ?
 
-Цаг хугацаа л харуулна даа. Үнэхээр ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг хамгаалахын тулд энэ хүнийг джлаас чөлөөлсөн эсэхийг та бид удахгүй харах байх. ЖДҮ-ийн асуудлыг энэ чигт нь орхивол Ерөнхийлөгч ямар зорилготой хууль өргөн барьж батлуулав, ямар зорилгоор хууль хяналтын байгууллагын удирдлагыг чөлөөлөв гэдэг нь тодорхой болно. Миний хувьд ЖДҮ-ээс зээл авсан бүх гишүүнийг гэм буруутан гэж хэлэхгүй. Мэдээж хууль хяналтынхан шалгаж тогтооно. Авсан зээлээ зориулалтаар ашигласан уу үгүй юү гэдгийг нэг бүрчлэн шалгах учиртай юм.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин